Гоо сайханчаас асуусан нь: Тослогжилтоос үүссэн гялбааг хэрхэн багасгах вэ?
Мэргэжилтний зөвлөгөө
Дулаан улирал ирмэгц тослог арьстай хүмүүс нэгэн таагүй асуудалтай тулгардаг. Энэ нь "Тослогжилтоос үүссэн гялбаатай хэрхэн тэмцэх вэ" гэх асуулт юм. Тиймээс бид гурван өөр гоо сайханч болон нэг нүүр хувиргагчид энэ асуултыг тавьлаа.
Prive 7 Beauty & Sport гоо сайхны төвийн арьсны эмч Камила Мурсалова
"Ихэнх хүмүүс тослог арьсны асуудалтай тулгардаг. Яагаад гэвэл өөхний булчирхай буруу ажилласнаас болж арьс тослогжиж эхэлдэг юм. Хэрэв та тослогжилттой тэмцэхийг хүсч байвал гоо сайхны салонууд санал болгодог "mesotherapy" гэх ажиллагааг туршиж үзэж болох юм. Энэ ажиллагааны явцад төрөл бүрийн амин дэм болон эм зүйн жижиг элементүүдийг арьсны мезодермал давхарга руу жижиг тарианы ачаар шахан оруулдаг. Ингэснээр өөхний булчирхайн үйл ажиллагаа тэнцвэржиж, тослогжилт багасдаг. Бас нэгэн тус болж болох арга бол гликол ба салицил хүчлийн суурь бүтэцтэй дээд давхаргын пидинг юм. Гэхдээ эдгээр аргыг заавал ч үгүй арьсны эмчтэй зөвлөлдсөний дагуу хийлгэх хэрэгтэйг хатуу санаарай.
Гэрийн нөхцөлд арьсныхаа тослогжилтыг багасгах хүсэлтэй байгаа бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд гликол ба салицил хүчлийн найрлагатай нүүр цэвэрлэгч тогтмол ашиглахыг зөвлөх байна.
Buro Beauty салоны гоо сайханч Ольга Черкасова
"Тослог арьсыг арчлахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг үе шат бол яахын аргагүй цэвэрлэгээ юм. Гель, хөөс, мусс гээд л бүхий л төрлийн цэвэрлэгч үүнд тохирно. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн найрлагад орсон үрэвслийн эсрэг болон хатаах үйлчилгээтэй элементүүд нь тослог арьсанд зөвхөн эерэгээр нөлөөлөх болно. Нүүрээ цэвэрлэснийхээ дараа хүхэр эсвэл цайрын орцтой тоник ашиглаарай. Энэ нь өөхний булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулж, нүх агшааж, арьсыг матт эффекттэй болгоно. Түүнчлэн дараагаар нь арьсаа чийгшүүлэхээ мартуузай. Арьсыг эрүүл байлгахын тулд чийгшүүлэгч тос эсвэл эмульс тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг.
Тослог арьстай хүмүүст шавран маск сайхан зохицож, харин төрөл бүрийн гуужуулагчид огт тохирдоггүй. Хэрвээ арьсан дээр ямар нэгэн үрэвсэл үүссэн байвал халуун усаар нүүрээ угааж болохгүй. Учир нь халуун ус себум үйлдвэрлэлтийг өдөөж өгдөг юм.
Салоны нөхцөлд mesotherapy аргыг гоо сайхны аппарат, төрөл бүрийн нүүрний маск болон ийлдэстэй хослуулан эмчилгээ хийхэд их үр дүнтэй байдаг. Түүнээс гадна пептид (peptides) гэх хоёр буюу түүнээс дээш амин хүчил агуулсан нийлмэл дээр суурилсан нэгэн гоо сайхны эмчилгээ байдаг. Пептидууд нь арьсны гүн рүү нэвтэрч, амьд эсийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг юм. Үр дүнд нь арьс илүү чангарч, үрэвсэл багасаж, себум ялгарах үйл явц тогтворждог. Biologique Recherche ба Linda Kristel гэх зэрэг гоо сайхны маркууд тослог бас эмзэг арьсыг чиглэсэн пептидын агууламжтай тусгай бүтээгдэхүүнүүд гаргадаг байгаа.
"Сенсави" институтийн гоо сайханч Иванченко Ольга
"Гэрийн нөхцөлд эмчилгээ болон гоёлын зориулалттай косметик хэрэглэх нь зөвхөн түр зуурын шийдэл болж өгдөг. Харин тослог арьснаас нэг мөр салахыг хүсч байвал мэргэжилтэнд хандсан нь дээр шүү. Миний хувьд, ихэвчлэн би үйлчлүүлэгчиддээ acid peeling буюу хүчлийн пилинг санал болгодог. Энэ арга нь өөхний булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулж, нүх агшааж, арьсны гундсан өнгийг сэргээж, батганы дараах сорвийг арилгадаг. Пилингийн ачаар нүүрний гадаргуу дээр байгаа себум, нян болон бохирдол бүрэн устах болно. Ийм аргыг тогтмол хэрэглэвэл арьс үрэвсэх нь харьцангуй бага байдаг".
Fame салоны нүүр хувиргагч Ражникова Анна
"Анхааралдаа авах хэрэгтэй хамгийн чухал зүйл бол цэвэрлэгээ юм. Үүний дараагаар арьсаа чийгшүүлж, будаг түрхэхэд бэлэн болгох хэрэгтэй. Тослог арьсанд нарнаас хамгаалах spf-тэй хөнгөн бүтэцтэй чийгшүүлэх шингэн эсвэл матт эффект бий болгодог тос хамгийн тохиромжтой. Хэрвээ та нүүрний будгаа бүхэл өдөржингөө арилгахгүй явах төлөвлөгөөтэй байвал заавал ч үгүй праймер хэрэглээрэй. Праймерыг зөвхөн нүүрнийхээ арьсанд гэлтгүй мөн уруул ба зовхиндоо түрхэх хэрэгтэйг мартаж болохгүй шүү. Ингэснээр таны будаг бүхэл өдөржин тогтох юм.
Дулаан улиралд нүүрээ будахдаа аль болох хуруугаа ашиглахгүй байхыг зөвлөх байна. Үүний оронд спонж хэрэглэх нь будгийг удаан тогтооно. Байгалийн эрдэст давсны өндөр агууламжтай термал усыг (thermal water) арьсандаа нэг хэрэглээд үзээрэй. Өдөрт 2-3 удаа түрхэгдэх ёстой энэ ус нь арьсыг чийгшүүлж, сэргээх болно. Түүнчлэн халуун өдрүүдэд илүүдэл тосыг өөртөө шингээж, матт эффект бий болгодог сальфеткууд хамгийн их хэрэг болдог шүү.
Эцэст нь сануулан хэлэхэд энэ зун гоо сайхны ертөнцөд эрүүл гялбаатай (гялалзсан биш!) арьс, бага зэргийн хайхрамжгүй засалттай хөмсөг болон зөөлөн улаан туяатай хацрын тренд байх болно. Өөрөөр хэлбэл байгалийн гоо үзэсгэлэн одоо хүрэл ноёрхсоор л байгаа шүү.