Шинэ бүтээгдэхүүн: Гоо сайхны дэр гэж юу вэ, үнэхээр үр дүнтэй юу?
Мэргэжилтнүүдээс тодруулсан нь
Серум эсвэл тосны оронд шөнийн турш арьсыг тань хамгаалах гоо сайхны зориулалттай дэр, дэрний уутыг хэрэглэхийг зарим гоо сайхны брэндүүд санал болгож байна. Тухайлбал Америкийн Slip брэнд үрчлээ багасгах үйлчилгээтэй торгон материал бүхий дэрний уут болон шөнийн маскийг 2004 оноос худалдаалж, гоо сайхны блоггерууд болон Ким Кардашьянаас өндөр үнэлгээ авсан юм. Түүнчлэн Skin Laundry арьсны лазер эмнэлэг батганы эсрэг үйлчилгээтэй мөнгөн ионоор баялаг дэрний уут гаргажээ. Тэгвэл дэрний уут үнэхээр гоо сайханд ашигтай эсэхийг мэргэжлийн эмч нараас тодрууллаа.
Slip брэндийн торгон материалтай дэрний уут
Торгон материалтай дэрний уут нь даавууг бодвол арьсанд бага хэмжээний үрэлт үүсгэж, арьсанд таатай мэдрэмж төрүүлэх ч арьсны үрчлээ багасгах магадлал тун бага болохыг Wall Street Dermatology арьсны эмнэлгийн үүсгэн байгуулагч Жулиа Цю дурдлаа. Учир нь тамхи татах, нарны хэт ягаан туяа зэргээс шалтгаалж арьсан дахь эластины хэмжээ багасч үрчлээ үүсдэг тул торгон материал эластин уургийн нийлэгжилтийг ихэсгэх боломжгүй ажээ. Харин үсний гэмтэлтэй бол торгон дэрний уут хэрэглэх нь хамгийн оновчтой сонголт болохыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Calvin Klein брэндийн даавуун сатин материалтай цагаан хэрэглэл
Торгомсог материал бүхий цагаан хэрэглэлийн давуу талыг шинжлэх ухааны талаас нь судалж, батлаагүй ч ийм материалтай цагаан хэрэглэл хэрэглэсэн үед илүү тухтай амарч, арьсанд таатай мэдрэмж төрдөг болохыг Wexler Dermatology эмнэлгийн гоо сайханч Патриция Векслер онцоллоо. Тэрээр Calvin Klein брэндийн даавуун сатин материалтай цагаан хэрэглэлийг жил орчим хэрэглэхэд түүний арьс илүү чийглэг болсон тухайгаа дурдсан юм. Учир нь энгийн даавуун хэрэглэл нүүрэнд түрхсэн тосны ихэнхийг шингээж авдаг байна.
Déjà брэндийн батганы эсрэг үйлчилгээтэй дэрний уут
Хэрэв арьсны асуудалтай бол дэрний уутыг 5-7 хоног тутам угааж, дэрийг гурван сар тутам солих нь зүйтэй хэмээн арьсны эмч Лаусон зөвлөж байна. Харин угаалга хийх цагаа хэмнэхийг хүсвэл Déjà брэндийн нэг удаагийн, нянгийн эсрэг дэрний уутыг санал болголоо. Энэхүү дэрний уут цэвэр шинэ байдлаа 8-10 хоног хадгалахаас гадна гадаргуу дээр нян үүсэхээс сэргийлдэг ажээ.
Skin Laundry брэндийн ионоор баялаг мөнгөн утсаар хийсэн дэрний уут
Шинжлэх ухаанд мөнгө болон зэс нь бактерийн өсөлтийг дарангуйлж, шарх сэдрээхээс сэргийлдэг болохыг баталсан олон судалгаа байдаг. Түүнчлэн хөлсний эвгүй үнэрийг дарахын тулд спорт хувцас, хэрэглэлийг бүтээхдээ ионоор баялаг мөнгөн утсыг ашигладаг билээ. Тэгвэл Skin Laundry арьсны лазер эмнэлэг уг технологийг ашиглан дэрний уут бүтээсэн бөгөөд энэхүү дэрний уут бактериас үүдэлтэй батга гаралтыг 99 хувиар багасгадаг байна. Хэдий бактерийн эсрэг үйлчилгээтэй ч уг дэрний уутыг хэрэглэх үедээ 10 хоног тутамд угааж байхыг Жулиа Цю зөвлөлөө.
Back to Beauty болон Nurse Jamie брэндийн хөгшрөлтөөс хамгаалах дэр
Үргэлж доошоо харж унтдаг хүний арьс суларч, чанга байдлаа алдсан байдаг. Аль болох дээшээ харж унтах нь арьсыг унжиж, сулрахаас сэргийлдэг болохыг Manhattan эмнэлгийн гоо сайханч Жойс Девис онцоллоо. Зориулалтын дэрний тусламжтайгаар уг асуудлаас сэргийлэх боломжтой бөгөөд Жойс Back to Beauty болон Nurse Jamie брэндийн хөгшрөлтөөс хамгаалах дэрийг санал болгож байна.
Нэмэлт: Цагаан хэрэглэлд зориулсан угаалгын бодис
Ямар ч төрлийн цагаан хэрэглэл хэрэглэсэн тохиолдолд байгалийн гаралтай угаалгын нунтаг сонгох нь хамгийн чухал болохыг арьсны эмч нар дуу нэгтэйгээр онцолсон юм. Химийн бодис ихтэй угаалгын нунтгийг удаан хугацаанд хэрэглэснээр харшлыг сэдрээж, бүр цаашлаад арьсны хавдар үүсэх магадлалыг ихэсгэдэг байна. Түүнчлэн даавуу зөөлрүүлэгч, үнэр оруулагч зэрэг нэмэлт угаалгын бодис нь хортой химийн нэгдлийг маш ихээр агуулдаг тул аль болох хэрэглэхээс татгалзахыг арьсны эмч Векслер зөвлөсөн юм.