Хайх

Мэргэжлийн нүүр хувиргагчдын зөвлөгөө: Суурь кремийг хэрхэн сонгох вэ?

Мэргэжлийн нүүр хувиргагчдын зөвлөгөө: Суурь кремийг хэрхэн сонгох вэ?

Өнгө сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Арьсны өнгө ба бүтцэд тохирсон, зөв сонгосон суурь крем нь бүсгүй хүн бүрийн косметикийн уутанд байх ёстой хамгийн чухал бүтээгдэхүүний нэг юм. Танд төгс тохирсон суурь крем арьсыг арчилж, аливаа өө сэвийг дарахын зэрэгцээ мөн байгалийн мэт хөнгөн харагддаг байх учиртай. Суурь кремийг сонгоход хэрэг болох гол шалгуур бол бүтээгдэхүүний бүтэц, арьсны төрөл ба хэрэглэгч таны хувийн хэрэгцээ юм. Ингээд эдгээр шалгуурын талаар мэргэжлийн нүүр хувиргагчид ямар зөвлөгөө өгснийг доороос уншицгаая.

Бүтэц

Мэргэжлийн нүүр хувиргагчдын зөвлөгөө: Суурь кремийг хэрхэн сонгох вэ? (фото 1)

«Суурь кремийг сонгохдоо арьсныхаа онцлогийг анхааралдаа авахын зэрэгцээ мөн бүтээгдэхүүнд тавигдах ерөнхий шаардлагыг санах хэрэгтэй. Өдөр тутамд тохирох, байгалийн эффекттэй нүүр будалт хийхийн тулд арьсанд хэт их ачаалал өгөхгүй, арьсанд өөгүй сайхан уусч, арчилгааны үйлчилгээ үзүүлэх, хөнгөн бүтэцтэй суурь крем сонговол зохистой. Одоо зах зээл дээр төрөл бүрийн BB ба CC крем болон кушон худалдаалагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд арьсыг нэгэн жигд өнгөтэй болгохын хажуугаар мөн өдрийн нарны гэрэлд хүртэл бараг л анзаарагдахгүй, байгалийн харагдах чадвартай. Харин үдшийн гаралт эсвэл ямар нэгэн арга хэмжээнд явахдаа илүү тогтоц сайтай, нягт бүтэцтэй (зарим тохиолдолд гэрэлтсэн эффекттэй крем мөн сайхан харагддаг) суурь кремийг өөрийн арьсны төрөлд тааруулан сонгох нь зүйтэй» хэмээн Dry Bar салоны нүүр хувиргагч Валентина Старкова ярьж байна.

Бүсгүйчүүд ихэнх тохиолдолд өөрт нь огт шаардлагагүй, хэт нягт бүтэцтэй суурь крем сонгож байгаа харагддаг. Тэдний арьс хангалттай цэвэрхэн, өө сэв багатай байхад хүртэл тэд зузаан бүтэцтэй крем түрхдэг. «Дааврын өөрчлөлт болон харшлын реакциас үүдээд арьсан дээр үе үехэн тууралт үүсдэг. Ийм зэргийн өө сэвийг дарахын тулд нүүрнийхээ арьсыг бүхэлд нь нягт суурь кремээр бүрхэх хэрэггүй. Үүний оронд харин нимгэн кремээр бүрхүүл үүсгэж, шаардлагатай хэсгүүдэд өө дарагч түрхэхэд л хангалттай» хэмээн Орос дахь Chanel брэндийн тэргүүн нүүр хувиргагч Эрнест Мунтаниоль зөвлөлөө.

Арьсны төрөл

Мэргэжлийн нүүр хувиргагчдын зөвлөгөө: Суурь кремийг хэрхэн сонгох вэ? (фото 2)

Арьсны төрлөө зөв тодорхойлох нь өөрт тохирсон суурь кремийг сонгоход нөлөөлдөг хамгийн чухал алхам. Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэлж буйгаар хуурай эсвэл чийгшлээ алдсан арьстай бүсгүйчүүдэд зөвхөн гоо зүйн гэлтгүй, мөн арьс арчилгааны үйлчилгээтэй суурь крем тохирно. Үүнд BB крем эсвэл fluid буюу урсамтгай крем хамрагдана. Бас нэгэн бүр ч илүү төгс хувилбар бол кушон юм. Эдгээр суурь кремүүд арьсны өнгийг жигд болгож, арьсанд тэжээл өгч, жижиг өө сэвийг дардаг. Тослог арьстай бүсгүйчүүд харин шингэн бүтэцтэй атлаа матт эффект өгдөг суурь крем анхааралдаа авах хэрэгтэй. Мөн суурь крем түрхсэний дараа маш нимгэн бүрхүүл үүсгэдэг нунтаг пудр хэрэглэвэл тослог гялбаа устах болно.

«Хөгшрөлтийн шинж тэмдэг үүссэн арьсанд хөнгөн бүтэцтэй крем түрхвэл арьсан дээрх үрчлээс тодорч харагдалгүй, байгалийн эффекттэй атлаа илүү гөлгөр болдог. Ийм нөхцөлд мөн арьсыг өргөх үйлчилгээтэй суурь крем сонгох нь чухал. Нунтаг пудрыг огт хэрэглэхгүй байсан нь дээр. Пудр арьсан дээрх үрчлээсийг улам тодруулах болно» гэж нүүр хувиргагч ба гоо сайхны мэргэжилтэн Евгения Борисова зөвлөж байна.

Өнгө

Мэргэжлийн нүүр хувиргагчдын зөвлөгөө: Суурь кремийг хэрхэн сонгох вэ? (фото 3)

Суурь кремийг сонгоход гаргадаг нэн тэргүүний, түгээмэл алдаа бол буруу өнгө юм. «Зарим бүсгүйчүүд цайвар арьстай харагдах үүднээс өөрийн байгалийн арьсны өнгөнөөс нэг-хоёр тоноор цайвар суурь крем сонгох нь элбэг. Ингэхдээ тэд хүзүү ба чихний хэсгийн өнгийг уусгахаа мартаж, биеийнхээ бусад хэсгээс хамаагүй цайвар өнгийн нүүрний арьстай болчихдог. Энэ нь маш хиймэл харагдахад хүргэдэг том алдаа. Хамгийн зөв шийдэл бол өөрийн арьстай яг таг тохирох өнгө сонгох юм. Харин арьсаа илүү гэрэлтсэн эсвэл эсрэгээрээ илүү бор харагдуулахыг хүсвэл хайлайтер, боронзон пудр, хацар өнгөлөгч эсвэл корректор хэрэглэж болно шүү дээ» хэмээн Эрнест Мунтаниоль ярьлаа.

Бүтээгдэхүүний өнгийг сонгохдоо хацар эсвэл эрүүний доод, хүзүүний хажуу хэсэгт түрхэж үзэх хэрэгтэй. Суурь кремийг түрхсэний дараагаар хэсэг хугацаанд хүлээж, үр дүнг нь дэлгүүрийн цахилгаан гэрэлд биш, харин байгалийн нарны туяанд харах шаардлагатай. Хүмүүс өнгөний сонголтыг хийхдээ гарны арьсан дээр туршиж үзэх маш том алдаа гаргадаг. Гарны арьс нүүрний арьснаас тэс өөр өнгөтэй байдаг юм шүү.

цааш үзэх