Хайх

Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан

Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан

Тэмдэглээд аваарай

Text: Buro.Mongolia


Урт, дэрвэгэр, өтгөн сормуусны ачаар харц тодорч, нүд томорч харагддаг тул бүсгүй бүр ийм сормуусыг хүсдэг. Тэр тусмаа урт, өтгөн сормуус нь гаднах сөрөг нөлөө буюу тоос, шороо болон хөлснөөс хамгаалдаг онцлогтой. Тийм ч учраас сормуусны эрүүл байдал бидэнд маш чухал билээ. Аминдэмийн дутагдал болон стресснээс үүдэн сормуус унах нь элбэг тохиодог бөгөөд зарим тохиолдолд дахин ургах үйл явц нь бүрмөсөн зогсох үе ч бий. Хэрвээ та эдгээр асуудлуудтай тулгарсан бол даруйхан өөрийн эрүүл мэнддээ анхаарч, асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг санаарай. Харин бид энэ удаад сормуус унахад нөлөөлдөг гол шалтгаануудыг бэлтгэсэн тул анхааралтай уншиж, арга хэмжээ авахыг зөвлөж байна.

1

Аминдэмийн дутагдал

Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 1)
Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 2)

Хэрэв та тогтмол хатуу хоолны дэглэм туршиж, тэнцвэргүй хооллож, удаан хугацаагаар өлсгөлөн явах зэрэг муу зуршлуудтай бол энэ нь мэдээжийн хэрэг биеийг тань ядаргаанд оруулж, улмаар шим тэжээл, аминдэмийн дутагдалд оруулдаг. Аминдэмийн дутагдал нь ихэнхдээ үс уналт, арьс болон хумсны чанар муудах зэрэг таагүй шинж тэмдгээр илэрдэг юм. Сормуусыг эрүүл ургуулахын тулд хүн өдөр тутамдаа биед хэрэгцээтэй төмөр, магни, А, В, Е төрлийн витамин болон биотинийг хэрэглэж занших хэрэгтэй. Мөн хоол хүнсэндээ түлхүү байгалийн эрүүл бүтээгдэхүүнүүд оруулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Шинэхэн ногоо, жимс, загас, мах, самар зэргийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй юм шүү.

2

Арьсны өвчин

Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 3)
Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 4)

Тодорхой хэдэн төрлийн арьсны өвчин нь сормуус унахад нөлөөлж буй ноцтой шалтгаан байж болзошгүй юм. Нейродерматит, герпес, хайрст үлд буюу псориаз болон зовхины орчим үүсдэг бусад арьсны өвчнүүд нь таагүй мэдрэмж үүсгэж, нүдний хавьцаа арьс загатнаж эхэлдэг бөгөөд хүн өөрийн эрхгүй гараараа нүдээ хүчтэй үрдэг. Иймэрхүү хүчтэй хөдөлгөөн нь сормуусыг унахад нөлөөлөх нь гарцаагүй. Хэрэв таны нүдний орчим загатнаж, улайсан байгаа бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Хэсэг хугацаанд нүүрээ будахаас татгалзаж, зөвхөн харшил үүсгэдэггүй, зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй.

3

Дааврын тэнцвэргүй байдал

Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 5)
Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 6)

Даавар нь бидний бие организмд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Сэтгэл санаа, ерөнхий эрүүл мэндийн байдал, хүний зан араншин гээд маш олон зүйл даавраас шалтгаалдаг. Дааврын тэнцвэргүй байдлаас үүдэн хүний биеийн хамгаалалтын функц алдагдаж, улмаар аминдэмийн дутагдалд ордог нь сормуус унахад шууд нөлөөлдөг байна. Гэхдээ даавраас үүдэлтэй үс уналт нь түр хугацааных гэдгийг санах хэрэгтэй. Гол нь өөрөө дур мэдэн эм, эмчилгээ хийж болохгүй тул эмчид хандах нь зөв шийдвэр юм.

4

Сормуус дэрвийлгэгчийг буруу ашигласан тохиолдолд

Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 7)
Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 8)

Дэрвийлгэгчийг сормуусаа будахаас өмнө хэрэглэх хэрэгтэй байдаг. Энэхүү чухал дүрмийг зөрчсөн тохиолдолд будагтай сормуусны бүтцийг гэмтээж, сормуус унах болно.

5

Чанаргүй сормуусны будаг

Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 9)
Сормуус унахад нөлөөлдөг 5 гол шалтгаан (фото 10)

Чанаргүй орц найрлагатай сормуусны будаг нь нүдний салст бүрхэвч, арьсанд харшлах хандлагатай байдаг тул энэ нь сормуус унахад ч мөн нөлөөлдөг. Шинэ будаг сонгохдоо шошгыг нь анхааралтай уншиж, хортой химийн найрлага тус бүтээгдэхүүний орцод орсон эсэхийг шалгаж байгаарай. Мөн сормуусны будгаа 2-4 сард шинэчилж байхыг гоо сайхны мэргэжилтнүүд анхааруулж байна. Түүнчлэн бүхэл өдрийн турш химийн найрлагатай сормуусны будаг түрхэж, эсвэл сормуус суулгах байдлаар бид сормуусандаа хайр найргүй ханддаг тул сормуусаа хамгаалж, эрүүлжүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь их чухал.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх