Хайх

Сормуусаа хэрхэн өтгөн, урт ба дэрвэгэр болгох вэ?

Сормуусаа хэрхэн өтгөн, урт ба дэрвэгэр болгох вэ?

Сормуусны хамгийн алдартай процедурууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Сормуус суулгах

Орчин үед сормуус суулгах үйлчилгээ нь гоо сайхны салонуудын хамгийн эрэлттэй үйлчилгээгээр нэрлэгдэж, худалдааны төвүүдээр олноороо үзэгддэг байсан хөмсөгний жижиг лангуунууд сормуусных болон хувирч байна. Сормуус суулгах процедур нь өглөө нүүрээ будаж орой нь арилгахаас залхуурдаг хүмүүст хамгийн тохиромжтой хувилбар юм. Тэгээд ч энэ нь бүсгүйчүүдийг өдрийн 24 цагийн турш эмх цэгцтэй харагдуулдаг маш том давуу талтай билээ.

«Орчин үед сормуус суулгах үйлчилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчид хүссэн урт, зузаан ба дэрвийлттэй сормуус сонгох боломжтой болсон. Ихэнх салонууд анх ирж буй үйлчлүүлэгчиддээ зориулан "анхны танилцуулга" гэж нэрлэдэг байгалийн, минимал эффекттэй сормуус санал болгодог болсон» хэмээн Keep Looking салоны мэргэжилтэн Кристина Розвадовская ярьж байна.

Хамгийн сонгодог арга бол үйлчлүүлэгчийн өөрийн нэг ширхэг сормуус дээр хиймэл сормуус суулгах үйл явц юм. Холливүүдын аргачлал гэж бас бий. Энэ тохиолдолд мэргэжилтэн нэг сормуус дээр хамгийн ихдээ есөн ширхэг хиймэл сормуус суулгаж, бөөгнөрөл үүсгэдэг. Ийм эффекттэй үйлчилгээг зураг авалт эсвэл тайзан дээр гарах үедээ хийлгэвэл хамгаас тохиромжтой. Таны нүд хэд дахин тодорч, хүн бүрийн анхаарал таны нүд рүү тусах болно.

«Сормуусны урт 6-15 мм-ийн сонголттой байдаг. Харин хамгийн эрэлттэй дэрвийлт нь J, B, C ба D юм. J нь бараг шулуун бол хамгийн сүүлийн D нь яг л хүүхэлдэйн сормуус мэт, дэрвэгэр эффект өгдөг. Суулгалтад ашигладаг сормууснууд зөвхөн хиймэл буюу синтетик материалтай байдаг бөгөөд тэдгээрийг уян зөөлөн, налархай силикон мяндсаар хийдэг юм. Ингэснээр хиймэл сормууснууд хэлбэрээ удаан хугацааны турш барьдаг. "Торгон" ба "булган" гэх үгнүүд зөвхөн нэршил төдий бөгөөд ийм зэргийн сормууснууд огтхон ч байгалийн гаралтай биш гэдгийг анхаарах хэрэгтэй» хэмээн Brow&Beauty салоны мэргэжилтэн Аида Магомедова тайлбарлаж байна.

Суулгасан сормуус дунджаар хоёр долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаанд тогтдог. Гэхдээ энэ нь тухайн хүний сормуусны амьдралын мөчлөг ба ургалтын хурднаас хамаардгийг дурдах нь зүйтэй байх (сормуус бүрийн амьдралын мөчлөг ойролцоогоор 3-6 сар үргэлжилдэг бөгөөд үүний дараагаар сормуус унаж, оронд нь шинэ сормуус ургадаг). Сормуус суулгах процедурт хамрагдсаны дараагаар нүдээ нэг хоногийн хугацаанд норгож болохгүй ба саун, бассейн, арьс борлуулах төхөөрөмжид орох хориотой байдаг. Түүнчлэн сормуусны цавуу тослог эд зүйлсээс айдаг тул нүүрээ тослог найрлагатай бүтээгдэхүүнээр цэвэрлэхээс зайлсхийж, оронд нь мицеляр ус, нүүр цэвэрлэгч гель ба хөөс хэрэглэхийг зөвлөх байна.

Сормуусаа хэрхэн өтгөн, урт ба дэрвэгэр болгох вэ? (фото 1)

Кератин буржийлгалт

Энэхүү үйлчилгээ нь сормуусыг тордохоос гадна мөн өтгөн ба дэрвэгэр болгодог. Ийм процедурын дараах эерэг, нөхөн сэргээх эффект хоёроос гурван сар үргэлжилдэг тул үйлчлүүлэгчид маш сэтгэл хангалуун байдаг. Кератин буржийлгалтыг хэд, хэдэн шат дараалалтайгаар хийдэг бөгөөд хамгийн эхний шат нь сормуусыг бэхжүүлэх серум түрхэхэд оршдог юм. «Серумын найрлагад уураг, тос, улаан буудайн уургийн гидролизат болон бусад сормуусны ургалтыг хурдасгаж, хамгаалах үйлчилгээ үзүүлэх ургамлын гаралтай бодисууд ордог» хэмээн Аида Магомедова ярьлаа.

«Тусгай найрлагатай серум нь сормуусанд тэжээл өгч, хайрснуудыг нь дүүргэснээр сормуусыг зузаан болгодог. Мэргэжилтэн юуны түрүүнд үйлчлүүлэгчийн дээд зовхинд буржийлгалтанд ашигладаг өнхрүүш байрлуулна. Тэдгээр өнхрүүш нь үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу төрөл бүрийн хэмжээтэй байдаг. Мэргэжилтэн эхлээд серум түрхэж, дараагаар нь сормуусыг будаж, эцэст нь сормуусыг кератинаар бүрхдэг. Кератин нь өмнөх үе шатуудад түрхэгдсэн ач тустай бодисууд болон өнгөт пигментийг сормуусанд гүн шингээж, үйлчилгээний эффектийг урт хугацааны турш үргэлжлэхэд нөлөөлдөг юм» гэж Кристина Розвадовская хэллээ.
Үйлчилгээнд орсны дараагаар мөн адил нүдээ нэг хоногийн хугацаанд норгож болохгүй бөгөөд аль болох нүүрээ дэрэнд хүргэлгүйгээр унтах хэрэгтэй.

Хенна ба бусад энгийн будгаар сормуусаа будах

Косметик бүтээгдэхүүн хэрэглэх дургүй бүсгүйчүүдэд тохирох шилдэг хувилбар. Энэ нь мөн далайн эрэг дээр амрахад тохиромжтой, ус үл нэвтрүүлэх процедур юм. Сормуусыг хенна эсвэл бусад энгийн будгаар будсаны дараагаар сормуус мэдэгдэхүйц хэмжээнд уртасдаг. Учир нь уг үйлчилгээнд орсон үед сормуусны цайвар өнгөтэй үзүүр хэсгүүд будгаар бүрхэгдэж, сормуус бүхэлдээ илүү урт харагддаг.

Био буржийлгалт

Бага зэрэг хуучирсан хэдий ч өөрийн гэсэн үйлчлүүлэгчидээ хараахан алдаагүй процедур. «Энэ үйлчилгээ нь байгалиасаа урт сормуустай бүсгүйчүүдэд тохиромжтой байдаг. Тэдний сормуус урт хэдий ч хангалттай дэрвэгэр биш байдаг тул тэд био буржийлгалт хийхийг хүсдэг» хэмээн Кристина Розвадовская зөвлөлөө. Орчин үеийн гоо сайхны салонууд био буржийлгалтын химийн гаралтай, хатуу найрлагаас болгоомжилдог учир сүүлийн үед энэ процедур нь харьцангуй бага хийгддэг болсон байгаа.

Сормуусны серум

Олон зуун жилийн турш өөрийн ач тусыг бататгаж ирсэн касторын тосноос гадна орчин үеийн зах зээл дээр мөн сормуусанд эерэг нөлөө үзүүлдэг олон сонирхолтой бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна. Тэдгээр бүтээгдэхүүнүүдийн найрлагад ихэвчлэн сормуусны ургалтыг хурдасгадаг кофейн ба арганин, үсний уутанцар дахь чийгшлийг хадгалдаг гиалуроны хүчил ба пантенол болон тэжээл өгч, нөхөн сэргээдэг төрөл бүрийн ургамлын ханд ордог. Серумыг олон сарын турш, өглөө ба оройдоо тогтмол хэрэглэсний эцэст үр дүн гарах болно. Мөн аливаа бүтээгдэхүүнийг заалтын дагуу хэрэглэж, курс хооронд завсарлагаа авч байх нь чухал юм шүү.

цааш үзэх