Хайх

Уудаг коллагены талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх энэхүү хүнсний нэмэлт тэжээл нь ямар үр нөлөөтэй вэ?

Text: Buro.Mongolia


Уудаг коллагены талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Бид дунд сургуульд байхаасаа л эхлэн коллагены ач холбогдлыг ойлгож, энэ нь арьсны уян хатан байдал, булчингийн хэвийн үйл ажиллагаа, ясны нягтшил ба бие организмын нөхөн сэргэх процессыг дэмждэг гэдгийг мэддэг байсан. Коллаген бол бидний бүх эрхтнүүдийг холбодог уургийн нэг төрөл юм. Харин косметик бүтээгдэхүүний найрлагад коллаген нь арьс чийгшүүлэх, уяан хатан ба чанга болгох гэх үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг байгаа.

Сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт уудаг коллагены тренд үүсээд байна. Тэр ч бүү хэл шингэн эсвэл нунтаг хэлбэрээр ууж болох энэхүү хүнсний нэмэлт тэжээлийг зарим орнууд ердийн нэгэн бүтээгдэхүүн мэт үзэж, хүнсний дэлгүүрүүдээрээ борлуулдаг болсон. Тухайлбал Тайланд улсад Blink маркийн шингэн коллаген 50 мл хэмжээтэйгээр улсын бараг бүх хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна. Уудаг коллагеныг та хөргөгч дотор ундаа ба усны дэргэд олж харах болно. Үүнээс гадна гоо сайхны салбарт яг одоо Minerva, Shiseidо, Dr. Ohhira болон бусад брэндүүдийн уудаг коллаген хэрэглэгчдийн хүртээл болж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд бүгд жимс, жимсгэний амттай бөгөөд устай харьцуулбал бага зэрэг өтгөн бүтэцтэй байдаг.



"Коллаген бие организм дотор ороод шингэж, боловсрогддог нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл уудаг коллаген нь бидний цус ба арьс руу хэзээ ч цэвэр байдлаараа очдоггүй юм. Коллаген амин хүчил болон бутарч, бие организм дахь эрхтэн ба эд эсүүд рүү тархан хуваарилагддаг. Бие организм коллагеныг хуваарилахдаа хамгийн шаардлагатай гэсэн хэсгүүд рүү чиглүүлдэг. Шаардлагатай хэсгүүд гэдэг нь бидний бодсончлон суларсан арьс ба үрчлээс тогтсон дух биш, харин дэмжлэг авах хэрэгтэй болсон булчин, яс ба нөхөн сэргэх процессод оролцдог эд эсүүд юм. Тэгэхээр хөгшрөлтийн шинж тэмдэгтэй тэмцэхийг хүсэж байгаа бол гиалуроны хүчил ба коллагеныг тос эсвэл тарилгын хэлбэрээр арьсандаа хүлээж авах нь илүү үр дүнтэй байдаг" гэж оросын Harper's Bazaar сэтгүүлийн гоо сайхны редактор асан, арьсны мэргэжилтэн Яна Зубцова зөвлөлөө.

Хөгшрөлтийн эсрэг уудаг коллагены нэг удаагийн курс ихэвчлэн 2-3 долоо хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд таны арьсан дээрх үрчлээсүүд алга болохгүй ч, арьс хуурайшилтгүй болж, хангалттай чийг авах болно. Томоохон брэндүүдийн төлөөлөгчид коллагеныг өлөн ходоод дээрээ уухыг зөвлөдөг. Уудаг коллагены найрлагад ус, гидролиз хийсэн коллаген, амин дэм, үнэртүүлэгч, гиалуроны хүчил болон бусад нэмэлт орц ордог байна.

цааш үзэх