Шилдэг 10 суурь крем
Chanel брэндийн шингэн крем
Өдөр тутмын нүүр будалтанд зориулагдсан хөнгөн крем. Энэхүү бүтээгдэхүүн нь шингэн бүтэцтэй тул арьсан дээр нэгэн жигд тархаж, нэг удаагийн хэрэглээнд хэмнэлттэй зарцуулагдах болно. Усан суурьтай энэ шингэн крем нь тослог арьстай хүмүүст нэн тохиромжтой бөгөөд нунтаг пудр хэрэглэх шаардлагагүйгээр арьсыг олон цагийн турш матт эффекттэй байлгах болно.
Jane Iredale брэндийн крем-пудр
Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй энэ бүтээгдэхүүн нь найрлагадаа эрдэс бодис, амин дэм, ургамлын ханд болон гиалуроны хүчил агуулна. Уг өвөрмөц бүтэцтэй крем-пудрыг хэрэглэхдээ хавтгай хэлбэрийн багс ашиглахыг зөвлөх байна. Бүтээгдэхүүн арьсыг хормын зуур матт болгож, нунтаг пудр түрхсэн мэт харагдуулна.
Givenchy брэндийн торгомсог суурь крем
Торгомсог, зөөлөн бүтэцтэй энэ крем нь арьсан дээр бага зэрэг матт атлаа гэрэлтсэн бүрхүүл бий болгоно. Холимог болон тослог арьсанд хамгаас тохиромжтой бөгөөд найрлага дахь цагаан гааны ханд, шанц ба сөдийн тусламжтайгаар арьсан дээрх нүхийг багасгаж, тослог гялбааг дарна.
Shiseido брэндийн шингэн крем
Хоёр дахь арьсны эффект бий болгох энэ крем нь арьсан дээрх өө, сэвийг сайтар дарж, гэрэлтүүлж, чийгшүүлнэ. Тодруулбал бүтээгдэхүүний найрлага дахь гиалуроны хүчил, арган модны самрын тос зэрэг нь арьсыг чийгшүүлэх гол үүргийг гүйцэтгэх юм.
Guerlain брэндийн суурь крем
Маш нимгэн бөгөөд хөнгөн бүрхүүл бий болгодог энэ крем нь услаг, шингэн, мөн хамгийн гол нь тэжээллэг бүтэцтэй тул арьсыг хуурайшиж, таталцахаас сэргийлнэ. Өдөр тутмын хагас гэрэлтсэн нүүр будалтанд дуртай хүмүүст төгс тохирно. Өө, сэвийг төдийлөн сайн дарахгүй.
NARS брэндийн чийгшүүлэх үйлчилгээтэй суурь крем
Өөртөө чийгшүүлэгч тос ба суурь кремийг хослуулсан энэ бүтээгдэхүүн нь арьсан дээр үл мэдэгдэх бүрхүүл бий болгох хэдий ч, жижиг өө сэв ба нүхийг дарах чадвартай. Найрлагад нь далайн ургамлын ханд орсон тул арьсыг хангалттай сайн чийгшүүлнэ. Мөн уг кремийн бас нэгэн том давуу тал бол SPF 30 индекстэй өндөр нарны хамгаалалт юм.
Clinique брэндийн супер тэнцвэржүүлсэн суурь крем
Матт бүрхүүл бий болгодог энэ крем нь арьсан дээрх хуурай хэсгүүд болон тослог Т бүс дээр ижил байдлаар, маш үр дүнтэй үйлчилнэ. Найрлагадаа силикон агуулдгийн улмаас торгомсог бүтэцтэй байж, арьсан дээрх үрчлээс ба нүхийг дүүргэж, гөлгөр болгоно. Крем нэлээд өтгөн бүтэцтэй тул өвлийн улиралд хамгаас тохиромжтой.
Rouge Bunny Rouge брэндийн суурь эмульс
Хөвсгөр, гелэн бүтэцтэй энэ бүтээгдэхүүн нь ямар ч төрлийн арьсанд тохирох хэдий ч, тослог арьсанд хамгаас илүү зохино. Арьсны өө, сэвийг хангалттай сайн дарах атлаа маш нимгэн бүрхүүл бий болгодог давуу талтай. Бүтээгдэхүүн мөн арьсыг чийгшүүлж, орчин тойрны хорт нөлөөнөөс хамгаална.
Clarins брэндийн чийгшүүлэгч суурь крем
Арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй энэ крем нь нэлээд зузаан бүрхүүл бий болгодог тул үдшийн нүүр будалтанд илүү тохиромжтой. Мөн матт эффект бүрдүүлэх атлаа арьсыг үл ялиг гэрэлтүүлнэ.
M.A.C. брэндийн олон талын үйлчилгээтэй суурь крем
Ус нэвтрүүлдэггүй бүтэцтэй энэ крем нь арьсанд хормын зуур уусаж, байгалийн торгомсог бүрхүүл бий болгоно. Бүтээгдэхүүн арьсны өө, сэвийг дарж, өөгүй гөлгөр болгодог том давуу талтай тул зураг авалтад зориулан ашиглаж болно.