
Энэ хавар эрэлттэй байх үс засалтын 5 тренд
Загварын орднуудын хавар-зун 2025 улирлын шоунууд болон улаан хивсний ёслол, томоохон арга хэмжээнд уригдан ирсэн алдартнуудын бүрдүүлсэн төрхийг ажвал энэ хавар ташуу хагалалттай үс засалт, төрөл бүрийн боб тайралт, шаталсан үс тренд болох хандлагатай байна. Мөн үсний угийг хэт босгосон ретро хэв маягтай засалт, далайн эргийг санагдуулам шаргал, гялалзсан тас хар, шоколад мэт бор өнгөнүүд үс засалтын салбарт эрэлттэй байх болно хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.
Ингээд 2025 оны хавар зонхилох үс засалтын гол чиг хандлагуудтай танилцацгаая.
Төрөл бүрийн үсний гоёл
Гялалзсан шигтгээ, сувдан чимэглэл, бантик, хавчаар гэхчлэн гоёлуудаар үсээ чимэглэх арга 2000-аад оны үед ид дэлгэрч байсан билээ. Тэгвэл тус аргыг Alice + Olivia, Batsheva гэхчлэн брэндүүд хавар-зун 2025 улирлын загварын шоу дээрээ хэрэгжүүлж олон нийтийн анхаарлыг татаад амжжээ.
Иймд ирэх хаврын улиралд өөрийн хувцаслалттайгаа тохируулан үсээ төрөл бүрийн гоёлоор чимэглээд үзээрэй.




Далайн давлагаа мэт долгионтой үс
Энэ улиралд далайн давлагаа мэт намирсан, хөнгөн долгионтой үс тренд болно гэдгийг Collina Strada, Ralph Lauren, Brandon Maxwell тэргүүтэй загварын орднууд батлан харуулж чадлаа.
Долгионтой үс нь дүр төрхийг илүү ялдам, эмэгтэйлэг харагдуулж өгч чаддагаас гадна бүх төрлийн урттай үсэнд төгс зохидог гэдгээрээ давуу талтай. Мөн Оливиа Родриго, Николь Кидман, Эмили Ратаковски зэрэг алдартнууд энэ төрлийн үс засалтаар хэв маягаа бүрдүүлэх дуртай байдаг билээ.




Шаталсан үс + чёлка
Дуучин, жүжигчин Суки Уотерхаусын нэрийн хуудас болсон үс засалт бол мэдээж тэгш бус хэмтэй чёлка болон дундаж урттай шаталсан үс. Тэгвэл тус үс засалт нь энэ хаврын гол чиг хандлагуудын нэгээр тодорчээ.
Энэ талаар Ким Кардашьян, Женнифер Лопез зэрэг алдартнуудтай ажилладаг мэргэжлийн үсний стилист Крис Апплтон "Ийм төрлийн үс засалт нь ямар ч царайнд тохирдог. Тухайлбал шаталсан үс нь шанааны ясыг тодотгож, нүүрний хэлбэрийг ерөнхийд нь зөөлрүүлж өгдөг бол чёлка нь илүү залуу, гэнэн хонгор байдлыг нэмэгдүүлдэг" хэмээжээ.




Боб тайралт эргэн ирлээ
Proenza Schouler, Sandy Liang, Prabal Gurung брэндүүдийн хавар-зун 2025 улирлын загварын шоу дээр төрөл бүрийн боб тайралт зонхилсон байв. Мэргэжлийн үсний стилист Кларисс Аня Рубенштейн энэ талаар "Гадаад үзэмжийг шик, тансаг харагдуулж өгч чаддаг үс засалт бол мэдээж боб тайралт. Энэ төрлийн тайралттай үсийг загварчлахгүйгээр өөрөөр нь хатаасан ч дүр төрхийг үнэхээр сайхан харагдуулж өгдөг" хэмээн онцолжээ.




Ажил хэрэгч атлаа цэмцгэр
Үсийг цэмцийтэл нь хойш шуусан үс засалт энэ хаврын гол трендүүдийн нэгээр дурдагдаж байна. Тухайлбал Ulla Johnson, Carolina Herrera, Off-White, Alaïa зэрэг орднууд тус үс засалтыг хавар-зун 2025 улирлын шоу дээрээ хэрэгжүүлж, моделиудынхаа дүр төрхийг тодотгож өгсөн байв.
Мөн энэ төрлийн үс засалтыг өдөр тутамд, оффист, чухал үйл ажиллагаанд гээд ямар ч үед хэрэгжүүлэхэд тохиромжтой байдаг учир ирэх хаврын улиралд туршаад үзээрэй.




Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт