
Bridgerton цувралын шинэ бүлгийн талаар бид юу мэдэх вэ?
Netflix-ийн хит бүтээлүүдийн нэг болох Bridgerton цуврал нь нээлтээ хийсэн даруйдаа олон нийтийн анхаарлын төвд орж, сэтгэл догдлом хайр дурлалын түүх, нүд хужирлам тансаг костюмууд, эртний орд харш, харц булаам цэцэрлэгт хүрээлэн гээд бүхий л талаараа үзэгчдийг дэлгэцээс уяж чадсан билээ.
Тэгвэл тус амжилттай цувралын дөрөвдүгээр бүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Иймд бид кино сонирхогчдын дунд тун өндөр хүлээлт үүсгээд буй Bridgerton цувралын дөрөвдүгээр бүлгийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Энэ удаагийн бүлгийн гол дүрүүд хэн бэ?
Bridgerton цувралын бүлэг бүр дээр Бриджертоны гэр бүлийн гишүүдэд тохиолдох гал халуун хайр дурлалын түүхийг өгүүлдэг билээ. Тухайлбал, өмнөх бүлгийн үйл явдал Колин Бриджертон болон хатагтай Уислдаун буюу Пенелопа Фезерингтон нар дээр төвлөрсөн бол энэ удаа Бриджертон гэр бүлийн хоёр дахь хүү, гүнтэн Бенедикт болон цувралд шинээр нэмэгдэж буй дүр болох Бэк Софи нарын тухай харуулах аж.
Бенедикт Бриджертоны дүрийг жүжигчин Люк Томпсон бүтээж байгаа бол Бэк Софигийн дүрд залуу жүжигчин Ха Еэрин тоглож байгаа юм. Мөн цувралын шинэ бүлэгт Харри Поттер франчайзын Чо Чаны дүрээр алдартай жүжигчин Кэти Леун хорон санаат хойд эхийн дүрийг бүтээж буй гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг татаад байгаа юм.

Үйл явдалд юуны тухай өгүүлэх вэ?
Шинэ бүлгийн үйл явдал Бенедикт Бриджертон язгууртнуудын дунд зохион байгуулагддаг тансаг үдэшлэгийн үеэр өөрийн мөрөөдлийн бүсгүйтэйгээ учирч буйгаар эхэлнэ. Гэвч тэдний дунд ээдрээтэй бөгөөд эргэлзээтэй олон асуудлууд гарч ирснээр цуврал цааш өрнөх аж.






Бенедиктийн дүрийг бүтээж буй жүжигчин Люк Томпсон зохиолын талаар ярихдаа "Энэ удаагийн бүлэг үнэхээр, бүр үнэхээр сонирхолтой, бас сэтгэл догдлом байх болно. Нэг талаараа Үнсгэлжингийн үлгэртэй төстэй гэж хэлж болох юм" хэмээжээ.
Анхны жүжигчдийн бүрэлдэхүүнээс хэн эргэн ирж байгаа вэ?
Энэ удаагийн бүлэг дээр Бриджертоны гэр бүлийн гишүүд, хатан хаан Шарлотт гэхчлэн чухал дүрүүд эргэн ирэх болно гэдгийг Netflix-ийн зүгээс хуваалцжээ. Тэр дундаа өмнөх бүлгийн гол дүрүүд болох Колин Бриджертон болон Пенелопа Фезерингтон нар эргэн ирэх ба тэд үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч буй талаар харуулах юм.
Харин үзэгчдийн хамгийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Дафни Бриджертоны дүрийг бүтээсэн жүжигчин Фиби Дайневор ирэх бүлгүүдэд тоглохгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Хэзээ цацагдах вэ?
Netflix-ийн зүгээс дөрөвдүгээр бүлгийн цацагдах огноог албан ёсоор зарлаагүй байгаа хэдий ч олон нийт 2026 оны эхээр үзэгчдийн хүртээл болж магадгүй хэмээн таамаглаж байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт