Хайх

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд

Text: Ц. Усанболор


Хувцас загвар бол бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг агаад өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмжүүдийн нэгэн хэлбэр болоод буй. Хувцас зөвхөн өдөр тутмын хэрэгцээг хангах төдийгүй, хүний оюун санаа, үзэл бодлыг дамжуулах хүчтэй хэрэгсэл болдог. Бид дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд шинэ гэх тодотголтой бүх юмс, шинэлэг санаануудыг судалж, өөрийн стильдээ шингээхийг эрмэлздэг. Иймд дэлхийн томоохон брэндүүдийн үүсэл хөгжил, түүхэн замнал, тренд болж буй хувцас хэрэгсэл хэрхэн бүтсэн тухай өгүүлэх, загварын ертөнцийн талаарх сүүлийн үед гарсан болон энэ онд нээлтээ хийх номуудын мэдээллийг загварын хорхойтнууддаа хүргэж байна.


Made by MSCHF

Зохиолч: Лукас Бентел
Гарах огноо: 2025 оны гуравдугаар сарын 11

MSCHF брэндийн бүтээлүүд поп соёлыг шүүмжилдэг хэдий ч тус ном энэ тухай хараахан өгүүлэхгүй. Харин эсрэгээрээ тухайн брэндийн бүтээлийг бусад хүмүүс хэрхэн шүүмжилдэг байсан тухай уншигчидтай хуваалцана. Зохиолч Лукас Бентел брэндийн үүсэл хөгжлөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэлх 12 төслийн түүхийг нэгтгэн харуулна. Astro Boy-с сэдэвлэн бүтээсэн аварга том улаан гутал болон бусад этгээд бүтээгдэхүүнүүд хэрхэн бий болсон талаар энэ номоос олж мэдэх боломжтой юм.

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 1)

The Saint Laurent Muse

Зохиолч: Кристофер Уиллис Гортнер
Гарах огноо: 2025 оны гуравдугаар сарын 18

Энэ бол 1970-аад оны It-охин, Ив Сен-Лораны урлагийн тэнгэрүүдийн нэг болох Лулу де ла Фалезийн хувь заяаны тухай ном юм. Францын язгууртны охин аз жаргалгүй гэрлэлтээс зугтаж Парисын дур булаам, дуулиан шуугиантай уур амьсгалд умбан одно. Тэрээр Сен Лораны ачаар шинэ, заримдаа аюултай танилуудтай учирдаг. Энэхүү түүх зөвхөн загварын тухай төдийгүй ширүүн догшин хайр дурлал, бат бөх нөхөрлөлийн талаар өгүүлнэ.

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 2)

Мода в стране дефицита

Зохиолч: Юлия Папушина
Гарах огноо: 2025 оны нэгдүгээр сар

Бараа бүтээгдэхүүн, хэрэглээгээр бялхаж буй одоогийн нийгэмд нэгэн цаг үед хувцасны хомсдол үүсэж, үүнийг хүмүүс хэрхэн зохицуулж даван туулж байсан гэдгийг төсөөлөхөд маш бэрх. Социологийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Юлия Папушина 1960-1980-аад оны ЗХУ-ын загварлаг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, маркетингийг энэ номдоо судалжээ. Уг ном нь тухайн үеийн загвар зохион бүтээгчид болон загвар өмсөгчдийн тухай өгүүлж, архивын материалаар дүрслэгдэж, Зөвлөлтийн загварын чиг хандлагыг одоо үеийнхтэй харьцуулах боломжийг бидэнд олгож байна.

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 3)

Bigger than Fashion: How Streetwear Conquered Culture

Зохиолч: Тайлер Ватаманюк
Гарах огноо: 2025 оны наймдугаар сарын 19


Лос Анжелес, Нью-Йорк хотын захын сүүдэрт нуугдан оршиж буй нийгмийн хэм хэмжээг зөрчсөн соёл хэрхэн алдартай болж, Милан, Парисын загварын тайзнаа хүрсэн бэ? Энэ асуултад street style мэргэжилтэн, GQ сэтгүүлийн редактор, The New York Times, The New Yorker, The Wall Street Journal, Vice, Complex, Highsnobiety зэрэг сэтгүүлүүдийн нийтлэлч Тайлер Ватаманюк хариулахыг зорьсон юм. Тэрээр скейтчин, хип хопчидоос эхлээд панк, граффити зураач хүртэлх янз бүрийн андерграунд урсгалын зааг дээрх загварын чиг хандлагыг судалдаг. Тайлер Ватаманюкийн анхны ном тун удахгүй АНУ-ын номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх нь.

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 4)

Абсолютно Chanel

Зохиолч: Катрин Ормё
Гарсан огноо: 2024 оны аравдугаар сар


Энэ ном Chanel брэндийн ертөнцийг өгүүлэх ба Габриэль Шанелиас эхлэн Карл Лагерфельд, Виржини Виар хүртэлх дизайнеруудын эрин үеийг алган дээрээ дэлгэн тавьсан мэт бүхэлд нь харуулах юм. Түүхч, дизайнер Катрин Ормё Францын брэндийн чухал мөчүүдийг урлагийн бүтээлээр дамжуулж, сэдэл авсан эх сурвалжууд болон архивын зургуудыг хавсаргажээ. Мөн эдгээр зургууд түүхийн ямар мөчийг өгүүлж буйг илтгэх тайлбаруудыг шигтгэн өгчээ. Үүнээс гадна дэлхийд алдартай Chanel №5 үнэртэн, дээд зэргийн үнэт эдлэл хэрхэн бүтсэн болон брэндийн үүсгэн байгуулагч нас барсны дараа юу өөрчлөгдсөн зэргийг тус номд багтаажээ.

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 5)

Fashion First

Зохиолч: Дайан Китон
Гарсан огноо: 2024 оны есдүгээр сар

Жүжигчин Дайан Китон амьдралынхаа сүүлийн 50 жилийн хугацаанд бүрдүүлсэн дүр төрхүүдээ эргэн харж, хаана гялалзаж, хаана алдсан тухайгаа Fashion First номдоо өгүүлж байна. Номонд түүний ээжийнхээ хувцсыг өмссөн мөч, Энни Холл маягийн дүр төрх, street style, арга хэмжээний зургууд, улаан хивсний гэрэл зургууд, түүнчлэн 1980-аад оноос өнөөг хүртэлх хамгийн энгийн, өдөр тутмын хувцастай селфинүүд багтсан юм. Номын өмнөх үгийг түүний найз, хамгийн дуртай дизайнеруудынх нь нэг болох Ральф Лорен бичжээ.

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 6)

Liberty Equality Fashion: The Women Who Styled The French Revolution

Зохиолч: Энн Игонне
Гарсан огноо: 2024 оны дөрөвдүгээр сар


Ном хэвлэгдээд жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн ч аль хэдийнээ олонд танил болоод амжжээ. Уг ном Францын ирээдүйн хатан хаан Жозефина Бонапарт, язгууртан Тереза ​​Талльен, сэхээтэн Жюли Рекамье гэсэн гурван эмэгтэйн түүхийг харуулна. Урлагийн түүхч Энн Игонне тэдний загварын эрхийн төлөөх тэмцлийг өгүүлдэг. Тухайлбал өмд өмсөх эрх, бариу корсетээс ангид байх хүсэл гэх мэт асуудлууд энэ номд тусгагдан өгчээ. Олон зуун жилийн турш эмэгтэйчүүдэд албадан өмсүүлдэг байсан хязгаарлагдмал, нүсэр хувцаснаас тэд хэрхэн салсныг бид энэхүү номоос олж мэдэх боломжтой. Тэмцлийн үр дүнд Жозефина Бонапарт, Тереза ​​Талльен, Жули Рекамье нар хөнгөн, сул даашинз өмсдөг болж, үсээ богино тайрч, биеэ алчуураар ороож, загварын хувьсгал хийсэн. Эрх чөлөө, тэгш эрх, загвар!

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 7)

Fashion and Motherhood: Image, Material, Identity

Зохиолч: Лаура Снелгров
Гарсан огноо: 2024 оны нэгдүгээр сар

Өнгөрсөн жил хэвлэгдсэн тус ном хараат бус хувцас загварын судлаач, Лаура Снелгровын найруулсан 13 эсээний цуглуулга юм. Бүлэг бүр нь эх хүн ба загвар гэх дэлхийн томоохон хоёр үзэгдлийн хоорондын нягт уялдааг судлахад чиглэсэн. Зочин зохиолчид ээжүүдийг хэрхэн хувцсаар дамжуулан биеэ нуух, чимэх, өөрчлөх шаардлагатай байсан тухай болон хэрхэн загвар үүнийг хийхийг шаарддаг байсан талаар тайлбарлана. Энэхүү ном нь 19-21-р зууны үеийг хамардаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хувцас тэдний хувьд улам бүр гүн утга учиртай болж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 8)

Fashion Killa: How Hip-Hop Revolutionized High Fashion

Зохиолч: Сомья Кришнамурти
Гарсан огноо: 2023 оны аравдугаар сар

Хөгжмийн сэтгүүлч, поп соёл судлаач Сомя Кришнамурти шилдэг хип хоп уран бүтээлчдийг яаж агуу дизайнерууд болон загварын орднуудтай хамтран ажилладаг талаар судалжээ. Тэрээр Cardi B болон Rick Owens, Лил Ким болон Marc Jacobs, Кимора Ли болон Chanel нарын хамтралын талаар өгүүлнэ. Зохиолч хип хоп ертөнц ба кутюр загварын төлөөлөгчдийг нэгтгэх тухай өөрийн харж буй өнцгийг санал болгодог. Түүнчлэн Сомья Кришнамурти өндөр зэрэглэлийн загвар болон хип-хоп стиль үүссэн гудамжнуудын хоорондын холбоог судалдаг. Дээрх судалгаанаас тэрээр хэний ч төсөөлөөгүй дүгнэлтэд хүрнэ. Ямар дүгнэлтэд хүрсэн тухай Fashion Killa: How Hip-Hop Revolutionized High Fashion номоос олж унших боломжтой.

Коко Шанелийн архив, Дайан Китоны хувцасны шүүгээ: Энэ жил унших загварын тухай номууд (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх