Яг одоо үз: Үзэсгэлэнт хайрын түүхээр аялуулах Bridgerton цувралын шинэ бүлэг
Сэтгэл догдлуулам гал халуун хайрын түүх, нүд хужирлам тансаг костюмууд, 1800-аад оныг санагдуулам эртний орд харш, харц булаам цэцэрлэгт хүрээлэн гээд бүхий л талаараа үзэгчдийн сэтгэлийг булааж чадсан Bridgerton цувралын гуравдугаар бүлгийн эхний хэсэг саяхан үзэгчдийн хүртээл болсон билээ. Харин цувралын хоёрдугаар хэсэг тун удахгүй буюу энэ зургаадугаар сарын 13-ны өдөр цацагдахаар болсон ба энэ хэрээрээ үзэгчдийн дунд дахин хүлээлтийг үүсгээд эхэлсэн юм.
Иймд бид яг одоо олон нийтийн дунд маш эрэлттэй байгаа Bridgerton цувралын шинэхэн бүлгээс онцлох сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэлээ.
Үйл явдалд юуны тухай өгүүлэх вэ?
Зохиолч Жулиа Куинны зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус цувралын бүлэг бүрд Бриджертоны найман ахан дүүсийн хайр дурлалын түүхийг дэлгэрэнгүй харуулахаар шийдсэн тухайгаа Netflix-ийн зүгээс мэдэгдсэн билээ. Нийгмийн сүлжээг тэр чигт нь донсолгоод амжсан цувралын эхний бүлэгт Дафни Бриджертон, Саймон Бассет нарын тухай өгүүлсэн бол удаах бүлэгт Дафнигийн ах Энтони Бриджертон болон эгч дүүс Кейт Шарма, Эдвина Шарма нарын хайрын гурвалжны тухай харуулдаг. Харин энэ удаагийн бүлэгт тэд Колин Бриджертон болон хатагтай Уислдаун буюу Пенелопа Фезерингтоны ээдрээтэй хайр дурлалын сонирхолтой түүхийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэжээ.
Зарим дүрүүдийн жүжигчид солигдов
Үзэгчдээс хамгийн их хайр хүндэтгэлийг хүлээсэн дүрүүдийн нэг Саймон Бассет буюу жүжигчин Реже-Жин Пэйж цувралын эхний бүлэгт тоглоод л төслийг орхиж байсан бол энэ удаа Дафни Бриджертоны дүрийг бүтээсэн жүжигчин Фиби Дайневор ирэх бүлгүүдэд тоглохгүй болсон гэдгээ мэдэгджээ. Тэрээр Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би эхний хоёр бүлэгт Дафни Бриджертоны дүрээр үзэгчдэд хүргэхийг хүссэн бүх зүйлээ харуулсан гэж бодож байна. Дафнигийн үүрэг ингээд дуусахад хангалттай байх" хэмээн ярьсан аж.
Харин түүний оронд Бриджертон ах дүүсийн нэг болох үзэсгэлэнт Франческа дээр цувралын зарим үйл явдлууд төвлөрөхөөр болсон байна. Эхний хоёр бүлэг дээр Франческагийн дүрийг жүжигчин Руби Стокс бүтээж байсан бол энэ удаа кино багынхан түүнийг илүү нас биед гүйцсэн бүсгүйн дүрээр үзэгчдэд харуулахыг хүссэн учир жүжигчин Ханна Додд тус дүрд тоглохоор болжээ.
Дүрүүдийн өнгөлөг, тансаг хувцаслалтын өөрчлөлт
Гуравдугаар бүлгийн хувцас, костюмыг урлахад нийт 41,000 метр даавуу ашигласан бөгөөд кино багынхан дүрүүдийн хувцаслалтаар дамжуулан тэдний сэтгэл хөдлөл, цувралын уур амьсгалыг харуулахаар зорьж ажилласан гэдгээ хуваалцжээ. Тухайлбал Пенелопа Фезерингтон өмнөх бүлэгт түлхүү тод шар, ягаан, улбар өнгө давамгайлсан, төрөл бүрийн цэцэг, хээ хуар алгалсан хувцаслалтаар дүр төрхөө бүрдүүлдэг байсан. Харин тус дүрийг бүтээсэн жүжигчин Никола Кофлан болон костюм дизайнер Жон Глэйзер нар ярилцсаны үр дүнд Пенелопагийн дүрийг хүчирхэг атлаа ялдам, зөөлөн харагдуулахын тулд номин ногоон, бүдэг цэнхэр, ягаан гэх зэрэг завсрын өнгөнүүдийг ашигласан ба сүрлэг чимэглэл, том ширхэгтэй гоёлуудыг танахаар шийдсэн гэнэ. Ийнхүү тухайн өөрчлөлт нь үзэгчдийн ч таалалд нийцэж, Пенелопагийн дүрийг өмнөхөөсөө илүү ухаалаг, төлөвшсөн эмэгтэй мэт мэдрэмж өгч байсан хэмээн сайшаагаад байгаа юм.
Харин өмнөх бүлгүүдэд цэл залуу насан дээрээ яваа, эрх танхи хүүгийн дүрээр дүрслэгдэж байсан Колин Бриджертон энэ удаагийн бүлэг дээр илүү сэтгэл татам, жентльмен, романтик эрэгтэй болж хувирчээ. Костюм дизайнер Жон Глэйзер түүний хувцаслалтаас тод, гэрэлтсэн өнгөнүүдийг хасаж, оронд нь илүү сүрлэг, эршүүд шинж чанарыг илэрхийлэхүйц хар цэнхэр, бор хүрэн өнгөнүүдийг ашиглаж өгсөн байна. Мөн Колин Брижертоны өмссөн савхин бор хүрэм, гүн цэнхэр өнгийн урт таксидо хүрэм нь бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн харцыг булаагаад байгаа юм.
Гуравдугаар бүлэг дээр эгшиглэх дуунууд
Bridgerton цуврал яг одоо ид хит болж байгаа орчин үеийн дуу хөгжмийг 1800-аад оны өнгө аяс руу шинэчлэн хөрвүүлж, киноны хамгийн оргил хэсэг дээр ашигладаг гэдгээрээ алдартай билээ. Тэгвэл гуравдугаар бүлэгт BTS, Ник Жонас, Pitbull, Тейлор Свифт, Лана Дел Рэй тэргүүтэй олон алдартай уран бүтээлчдийн сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэхээр болсон байна.