Хайх

Хейли Биберийн “Glazed Donut Skin” буюу эрүүл, гэрэлтсэн арьсны нууц

Хейли Биберийн “Glazed Donut Skin” буюу эрүүл, гэрэлтсэн арьсны нууц

Text: Buro.Mongolia


Рианна, Кайли Женнер, Lady Gaga, Селена Гомес, Ким Кардашьян, Женнифер Лопес, Ариана Гранде зэрэг бид бүгдийн хайртай барууны алдартнууд гоо сайхны салбарт хөл тавих нь ихсэж, өөр өөр концепцтой гоо сайхны брэндүүдийн тоо нэмэгдсээр байна. Саяхан гэхэд загвар өмсөгч Хейли Бибер “Rhode” нэртэй гоо сайхны брэндээ танилцуулж, брэндийн сурталчилгааны хүрээнд гэрэлтсэн, ямар ч өө сэвгүй арьсны зургаа цацсан билээ. Хейли энэхүү гялалзсан арьстай төрхөө “Glazed Donut Skin” гэж нэрлэсэн бөгөөд цахим ертөнцөд арьсыг natural, эрүүл, гэрэлтсэн харагдуулах нүүр будалт эрчээ авч эхлээд байгаа юм. Бьюти блогерууд төдийгүй мэргэжлийн мейкап артистууд ч энэхүү давалгаанд нэгдэж Glazed Donut Skin эффекттэй арьсыг хэрхэн бий болгох талаар зөвлөсөөр байна. Тэгвэл хэрхэн дотроосоо гэрэлтэж буй мэт, толигор арьстай болох вэ? Доорх мэдээлэлтэй танилцана уу. 

АРЬС АРЧИЛГАА

Хейли Биберийн “Glazed Donut Skin” буюу эрүүл, гэрэлтсэн арьсны нууц (фото 1)

Хэт хуурайшсан, өнгөө алдсан арьсыг яаж ч хичээгээд толигор, гэрэлтсэн болгох боломжгүй. Тиймээс будаг хэрэглэж эхлэхээсээ өмнө арьсны асуудлуудаа шийдэж, сайтар чийгшүүлэх хэрэгтэйг анхаарна уу. Арьс арчилгаандаа дараах зөвлөмжүүдийг мөрдөөрэй. 

  • Зөөлөн бүтэцтэй нүүр цэвэрлэгч ашиглах. Нүүр цэвэрлэгчийн шүлтлэгийн түвшин их байх тусам (дийлэнх хөөсөн цэвэрлэгчийн pH 7 болон түүнээс дээш байдаг) арьс илүү эмзэгших хандлагатай байдаг. Харин pH түвшин бага буюу 4,5-6 хооронд байдаг нүүр цэвэрлэгч нь хүчлийн найрлага ихтэй ба хүчиллэг бүрхэвчийг гэмтээхгүйгээр арьсан дээрх тослог, будаг болон бусад бохирдлыг хангалттай хэмжээнд арилгадаг байна.
  • Арьсаа цэвэрлэсний дараа тонер болон серум хэрэглэж хэвших. Ингэснээр арьсны pH түвшин хэвийн болж, арьсны ерөнхий бүтцийг сайжруулах боломжтой юм. Гиалуроны хүчил болон С витаминтай бүтээгдэхүүнүүд арьсыг чийгээр хангаж, гялалзсан эффект өгөх болно.
  • Чийгшүүлэгч тосыг тогтмол хэрэглэх. Ингэхдээ өглөөний арьс арчилгаандаа өглөө хэрэглэхэд зориулагдсан чийгшүүлэгч тос, харин орой унтахаасаа өмнө шөнийн тос түрхэх хэрэгтэй.

НҮҮР БУДАЛТ 

Хейли Биберийн “Glazed Donut Skin” буюу эрүүл, гэрэлтсэн арьсны нууц (фото 2)
Хейли Биберийн “Glazed Donut Skin” буюу эрүүл, гэрэлтсэн арьсны нууц (фото 3)

Мэдээж тууштай арьс арчилгааны ачаар хүссэн үр дүндээ хүрч болох ч Glazed Donut Skin эффектийг бий болгохын тулд дараах мейкап аргачлалуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. 

  • Арьсаа чийгшүүл, бас дахин чийгшүүл. Нүүр будалтын өмнө мөрдөх хамгийн чухал дүрэм бол арьсаа сайн чийгшүүлэх гэдгийг мейкап артистууд үргэлж анхааруулдаг. Ингэхдээ зориулалтын праймер ашиглаж болохоос гадна өөрийн арьсны төрөлд тохирох чийгшүүлэгч тос хэрэглээрэй.
  • Дараагийн алхмаар жижиг ширхэгтэй саа агуулсан шингэн бүтэцтэй хайлайтер ашиглах. Тус бүтээгдэхүүнийг крем түрхэхээсээ өмнө, аль эсвэл кремтэйгээ хольж хэрэглэх боломжтой.
  • Хөнгөн бүтэцтэй крем ашиглах. Матт үйлчилгээтэй кремээ хойш тавьж, оронд нь арьсыг бага зэрэг гялалзуулдаг кремийг сонгоорой. Харин кремийг сайн уусгахын тулд чийгтэй багс эсвэл спонж хэрэглэхийг зөвлөж байна.
  • Дээрх зөвлөмжүүдийг зөв хэрэгжүүлсэн тохиолдолд арьс тань гялалзаж эхлэх нь гарцаагүй. Гэвч энэ нь Glazed Donut эффектэд хүрэхэд хангалтгүй юм. Дараагийн алхмаар хацар өнгөлөгч болон хайлайтер ашиглана. Өмнө нь хэрэглэсэн шингэн хайлайтер, аль эсвэл хуурай бүтэцтэйг ашиглаж болно. Хамгийн гол нь жижиг ширхэгтэй саа агуулсан хайлайтерыг сонгоорой.
  • Эхлээд хацар өнгөлөгчөө хацрын яс, хамрын хоёр талд түрхээрэй. Дараа нь дэвүүр мэт хэлбэртэй багс ашиглан шанааны яс, хамрын үзүүр, уруулын дээд хэсэг, хөмсөгний доогуур хайлайтер тавина. Мөн багсаараа сайтар уусгана.
  • Эцэст нь гялалзсан эффекттэй мист ашиглаарай. Мөн хүсвэл гялтганасан уруул өнгөлөгч хэрэглэж болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх