Хайх

25 минутын үр бүтээмж буюу помодоро аргын тухай

Богино хугацаанд их зүйл амжуулах хамгийн үр дүнтэй арга

Text: Buro.Mongolia


Удаан үргэлжилсэн амралт, аялал зугаалга дуусаж бид намар цагтай зэрэгцэн завгүй амьдралын хэмнэлдээ бага багаар эргэн орж буй. 2022 он дуусахад ердөө дөрөвхөн сар дутуу энэ үед уншигч та төлөвлөсөн ажил болоод тавьсан зорилгоо биелүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин одоо ч сайн учраа олж өгөхгүй, юунаас яаж эхлэхээ мэдэхгүй, олон цагаар ажил дээрээ суусан ч нэг л бүтээмж муутай байгаа бол бид танд богино хугацаанд их зүйл амжуулах боломжийг олгох помодоро аргийг танилцуулахаар бэлтгэлээ.


Помодоро нь ухаалаг, бүтээмжтэй ажиллах хамгийн алдартай аргуудын нэг бөгөөд 25 минут ажиллаад 5 минут амрах тухай ойлголт юм. Ийнхүү 25 минут ажиллаж буй үе тус бүрийг помодоро гэж нэрлэх бөгөөд нийт дөрвөн помодоро үеийн дараагаар 15-20 минутын урт амралт авна. Энэхүү арга нь өглөө эрт, анхаарал сайн төвлөрч чадах үед хамгийн сайн ажиллах ба оногдсон 25 минутын богино хугацаанд нэг сэдэв дээр гүн төвлөрөх боломжтой. Ингэснээр тархи амарж, нэг дор хэт их ачаалал үүрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

25 минутын үр бүтээмж буюу помодоро аргын тухай (фото 1)

Өглөөг хүмүүс “Надад хангалттай цаг бий, өнөөдөр бүгдийг амжуулна” гээд олон зүйл бичиж, төлөвлөж, бодож эхлүүлдэг ч өдрийн төгсгөлд юу ч хийж амжаагүй байх үе олон. Харин анхнаасаа миний цаг хугацаа хязгаартай гэдэг бодлыг өөрт төрүүлснээр бид бодож байгаагаасаа ч илүү их ажлыг амжуулж чаддаг байна.

Помодоро арга нь хэт их ачаалалтай, олон ажил зэрэг амжуулах шаардлагатай эсвэл анхаарал их сарнидаг хүмүүст маш сайн тохирох ба 25 минут танд хэт урт эсвэл хэт богино санагдвал өөрт тохируулан хугацааны хувьд багахан өөрчлөлт оруулж болно. 


Помодоро аргыг хэвшүүлэх маш хялбар:

  • Төвлөрөхийг хүссэн нэг ажлаа сонгох
  • 25 минутын сэрүүлэг тавин хийж эхлэх
  • Сэрүүлэг дуугарах үед 5 минутын завсарлага авах
  • Нийт дөрвөн үе буюу хоёр цагийн турш дээрх байдлаар ажилласны дараагаар 15-30 минутын урт завсарлага авах

Олон цагийн турш ямар ч завсарлагагүйгээр сууж бие болоод тархиа ядраахын оронд хийх ёстой ажлуудаа олон жижиг хэсэгт хуваан, дэс дараатайгаар хийх нь илүү хялбар бас үр дүн өндөртэй байх юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх