Хүсэл биелүүлдэг “Манифест 369” гэж юу вэ? Зураг нааж, тэмдэглэл хөтлөхөөс ямар ялгаатай вэ?
Өнгөрсөн жилийн эхээр манифест 369 гэх хүсэл биелүүлдэг арга нь цахим ертөнцөд, тэр дундаа TikTok платформ дээр өсвөр настнуудын дунд алдаршиж, #369method гэсэн хэштаг нь маш богино хугацааны дотор 112.5 сая үзэлтийг цуглуулж чадсан юм. Хүмүүсийн анхаарлыг ихээр татаж чадсан энэхүү хүсэл биелүүлэгчийн утга юунд оршиж байна вэ?
Юун түрүүнд манифест гэж юу вэ?
Анхаарал хаашаа чиглэнэ, тийшээ энерги урсана. Энэ бол манифестын үндсэн зарчим. Хорвоо ертөнц тэр чигтээ энергиэс бүрддэг бөгөөд бид өөрсдийн бодлоо хүсч буй зүйл дээрээ төвлөрүүлснээр орчлон, ертөнц ч гэсэн тэрхүү хүслийг нь биелүүлэхэд тусалдаг. Энэ бол манифестын үндсэн санаа.
Манифест (англиар manifest, manifestation) гэдэг нь англи хэлнээс орчуулбаас илэрхий, тодорхой, лавтай (тэмдэг нэр), нотолгоо, илэрхийлэлт (нэр үг) гэсэн утгатай.
Манифестын үр дүнд хүслээ биелүүлэхэд зөвхөн бодлын хүчээс гадна итгэл болон талархал чухал үүргийг гүйцэтгэдэг. “Та манифестыг хэрэгжүүлэхдээ хүссэн зүйл нь биелээгүй байсан ч яг л биелчихсэн мэт талархах хэрэгтэй. Энэ нь яг л та ресторанд ороод хоолоо зөөгчид хэлж захиалахдаа ‘баярлалаа’ гэж хэлээд хүлээдэгтэй адилхан. Ресторанд орж ирчхээд миний хоол ирэхгүй байх вий гэж санаа зовниж суухгүй нь ойлгомжтой. Харин ч захиалсан хоол тань одоогоор ирээгүй байгаа ч удахгүй ирнэ гэдэгт та бат итгэлтэй байна. Ингээд тайван суугаад хоолоо хүлээж байх зуур захиалга тань ширээн дээр бэлэн болсон байна. Манифест яг л ийм журмаар явагддаг” хэмээн астрологич, хувь хүний хөгжлийн багш Бекс Милфорд Glamour сэтгүүлд онцолсон байна.
Манифест 369 гэж юу вэ?
The Secret номыг мэдэхгүй хүн ховор. Тус бүтээлд хүссэн зүйлээ бодож, оюун санаандаа ямагт тээж явах нь таталцлын хүчний тусламжтай биелдэг талаар гардаг. Тэгвэл манифест 369 нь хүн бодлоо хаашаа чиглүүлэхээс шалтгаалж амьдралд болох үйл явдал нь шийдэгддэг гэсэн The Secret номын ерөнхий утгатай төстэй юм. Гэхдээ манифест 369 нь 3, 6, 9 гэсэн тооны хүчийг давхар ашигладаг бөгөөд зөвхөн оюун санаандаа хааяа нэг бодоод өнгөрөх биш өглөө, өдөр, орой бүр тодорхой давтамжтайгаар хүслээ дэвтэр эсвэл утсан дээрээ бичихийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манифест 369 аргын үндсэн арга барил нь хүслээ шат, дараалалтайгаар, ойлгомжтой бүтцийн дагуу биелүүлэхэд оршино.
Манифест 369-ыг астрологич, таталцлын хүч, манифестыг хэрэгжүүлэгч, choosinggratitude.net коачинг сайтын үүсгэн байгуулагч Карин Йи нь анх боловсруулжээ. Тэрээр энэхүү манифестыг сэдэж олохдоо цахилгаан, радио техникийн инженер, эрдэмтэн, физикч Никола Теслагийн "энерги шингэсэн, таталцлын хүчтэй" хэмээн тодорхойлсон 3, 6, 9 тоонуудыг ашигласан байна. Никола Тесла нь "Хэрэв та эдгээр тоонуудын жинхэнэ утга, учрыг ойлгосон бол орчлон, ертөнцтэй холбоо тогтоох боломж таны гарт очно" хэмээн хэлсэн байдаг. Нэрт эрдэмтний хэлснээр гурвын тоо нь хорвоо, ертөнц болон хувь хүний энергийн огтлолцлыг илэрхийлдэг бол зургаагийн тоо нь дотоод хүч чадлыг, харин ес нь өнгөрснөө тавьж, хэрэггүй зүйлээсээ ангижирч, эргэлзээгээ тайлахыг илэрхийлдэг байна. Үүн дээр суурилан манифест 369 аргыг боловсруулжээ.
Хэрхэн манифест 369 аргыг хэрэгжүүлэх вэ?
Энэхүү аргыг боловсруулсан Карин Йи нь дараах байдлаар манифест 369-ыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
1. Юу хүсмээр байгаагаа бодсон бол үзэг цаасаа бэлдэж эсвэл утасныхаа тэмдэглэл хөтөлдөг аппликейшнээ нээгээрэй. Өглөө босоод юу хүсч байгаагаа одоо цаг дээр нийт гурван удаа бичнэ. Тухайлбал, “Би … долларын цалинтай мөрөөдлийнхөө ажилдаа явж байна. Би амралтаараа Грек улс руу аялах гээд ачаагаа бэлдэж байна” гэх мэтчилэн дэвтэр дээрээ буулгана. Хүслээ дэлгэрэнгүй (мөнгөний хэмжээ, газрын байршил, албан тушаал зэрэг), ойлгомжтой бичих тусам сайн. Ингэхдээ юунд ч сатааралгүй, санасан болгон нь биелсэн байгаагаар 17 секундийн дотор багтааж төсөөлөх нь чухал юм. Гэхдээ өөрийгөө хэт хүчилж эсвэл хэт улайрахгүй байхыг анхаарч, аль болох дундыг барих хэрэгтэй. Эхний оролдлогууд хэцүү байх ч олон удаагийн сургуулилалт үр дүнгээ өгөх болно.
2. Өглөө хүслээ бичсэний дараа өдрийн цагаар яг адилхан хүслээ ижилхэн дэвтэр дээрээ нийт зургаан удаа бичнэ. Бичихдээ бүү яар. Яг л өглөө бүр шүдээ угаадаг шиг өдөр тутмын үйлдлээ хийж байна гэж бодоорой. Бичиж дуусаад дахин нэг удаа уншиж болно. Гэхдээ хэт улайрч биш, зүгээр л хүсэл эрмэлзэлтэйгээр уншихыг дахин анхааруулъя.
3. Сүүлд нь унтахаасаа өмнө хүслээ нийт есөн удаа бичнэ. Энэ нь манифестын маш чухал хэсгүүдийн нэг билээ. Учир нь унтаж байх үед хүний тархи шинэ мэдээллээ боловсруулж, хэрэггүй мэдээллээс ангижирч, мэдрэлийн эсүүд хоорондоо холбогддог юм. Өөрөөр хэлбэл, сэрүүн байхад бидний анхаарал сатаарахад амархан бол унтлагын цаг нь ямар нэг гаднын хүчин зүйлд авталгүй мэдээллээ боловсруулах гайхалтай боломж юм. Ингээд энэхүү үйлдлээ нийт 45 хоногийн турш хийнэ.