Монголын гайхамшиг: Дусал нулимснаас төрсөн Цагаан дара эхийн тухай
Бюро 24/7 толь бичиг
"Монголын дүрслэх урлагийн гайхамшиг хаана байгаа вэ" гэж асуувал хамгийн түрүүнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг нэрлэнэ. Энд монгол хүний оюуны охь дээж болсон 20,000 гаруй үнэт ховор үзмэр хадгалагдаж байдаг юм. Үзмэрийн танхимд дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байгааг дурдахад таатай байна. Манай музей нь анх 1966 оны долоодугаар сарын 23-ны өдөр анхны үзэгчидээ угтан авч үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Эдүгээ манай музейн сан хөмрөгт байгаа үзмэрийн арав орчим хувийг он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд дэлгэсэн байгаа. Одоогоор Монгол улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим нь манай музейд хадгалагддаг. Үүн дотроос түүхэн дэх хамгийн алдартай уран бүтээлч болох Өндөр гэгээн Г.Занабазарын урласан Цагаан дара эхийн баримлыг танд онцгойлон танилцуулж байна.
Нэгэн түүх сөхөхөд, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай залуудаа Унгар улсад сурч байхдаа энэхүү Цагаан дара эхийн зураг бүхий ил захидлыг багшдаа бэлэглэж байжээ. Тэгэхэд багш нь түүнээс "Яагаад ийм болон нүдтэй байгаа юм бэ? Гарт нь яагаад ийм цэцэг байгаа юм бэ" гэх зэргээр асууж гарч. Тэр үед энэ бүхнийг хараахан мэдээгүй байсан Н.Жанцанноров гуай мэдэхгүй байгаагаа хэлэхэд багш нь "Та бүхэн өөрсдийнхөө ийм гайхамшигт соёлыг мэдэж амжаагүй байж гаднын соёлыг сурч мэднэ гэдэг туйлын буруу" хэмээн сануулж, ухааруулсан гэдэг.
Хаана хэрхэн бүтээгдсэн бэ?
1653 онд Эрдэнэзуу хотын ойролцоох Шивээт улаан хэмээх газар /Төвхөн/ бүтээлийн сүмээ байгуулсан ба өөрийн бүтээлүүдийг урласан. 1683 оны усан гахай жил Хорин нэгэн дара эх бүтээлээ урлан бүтээсэн.
Цагаан дара эхийн баримал нь 53830 гр, 69х45х45 см хэмжээтэй бөгөөд хүрэл, алт шармал, шороон будаг ашиглан бүтээсэн.
Ямар утга бэлгэдэлтэй вэ?
Цагаан дара эх бүтээлийг нүднээ харахад та зог тусах хэд хэдэн онцлог буй.
• Мэлмий буюу нүд
Цагаан дара эх магнай, мутрын алга хийгээд бойвны улнаа долоон мэлмийтэй бөгөөд билгийн мэлмий хэмээн бэлгэддэг. Зүүн мутартаа ариун дээдийн бэлгэдэл цагаан бадамыг чимхэж, баруун мутраар дээдийн өглөгийн мутарлага үйлдэн, зөөлөн харцаараа хамаг амьтныг ариусган ширтдэг.
Тара гэдэг нь санскрит хэлний "тар" буюу "гэтэлгэх" гэсэн үгийн язгуураас гаралтай бөгөөд Дара эх нь хамаг амьтныг сансар орчлонгоос гэтэлгэн гэгээрэлд хүргэдэг тухайд ийн нэрлэжээ.
• Гарын байрлал
Цагаан дара эх баруун гартаа өглөгийн мутарлага үйлдсэн нь хамаг амьтанд аврал нигүүслээ хайрлах бэлгэдэлтэй.
• Зүүн мөрөн дээрх дэлбээлж буй удвал цэцэг
Цагаан дара эх зүүн мутартаа дэлбээлж буй удвал цэцгийн иш барьж, авралын мутарлага үйлдсэн нь хамаг амьтныг авран нигүүлсэхийг бэлгэдэнэ.
• Бадам бүхий суудал
Бадам нь шавар шалбаагт ургадаг атлаа хамгийн цэвэр ариун байдлыг бэлгэддэг тул бурханы суудал болон дүрслэгддэг.
Машид онгой хээ чимэглэл
Цагаан дара эхийн хүзүүний чимэг ба бүслэхийн чимэг өмсгөл нь бадам цэцгийн хээтэй байх ба торгон өмсгөл нь эртний Монголчуудын уламжлалт хээ чимэглэл болсон ариун сайхан шинж чанар болоод хүний сэтгэлийн дотоод муу муухайг нигүүлсэх бэлгэдэлтэй болно.
Өндөр гэгээн Занабазар Дара эхийн дүрийг бүтээсэн нь хожмын шүтээн зурагт монгол урчуудын даган барих үндэс болсон юм. Цагаан дара эх нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн бэлгэдэл Жанрайсиг бурханы мэлмийнээс унасан дусал нулимснаас төрсөн домогтой. Цагаан дара эх нь урт нас, өвчин зовлонгоос анагаах залбирлыг өөртөө агуулдаг ажээ.