Энэ жилийн Цөмөөхэй балетад Д.Алтанхуягтай хамт хэн, хэн тоглох вэ?
Кубын үндэсний балет театрын гоцлоочтой
Шинэ жилийн баяраар дэлхийн өнцөг булан бүрт хамгийн их хүлээлттэй тоглолтоор "Цөмөөхэй" балет тодордог билээ. Энэ 2016 онд Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт хоёр өөр "Цөмөөхэй" тавигдах хуваарь гарсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ДБЭТ-ын уран бүтээлчид, Хөгжим бүжгийн коллежийн сурагчид оролцсон "Шелкунчик" балет тоглогдсон юм. Одоо харин Д.Алтанхуягийн тэргүүлдэг "Монголын балетын хөгжил сан"-гаас зохион байгуулж буй "Цөмөөхэй" балет ирэх амралтын өдрүүдэд тайзнаа дахин ид шид амилуулах гэж байна.
Балетын гол дүр Цөмөөхэйд МУГЖ Д.Алтанхуяг, Клара охинд Б.Анхзул, Дроссеелмаейрт СТА Х.Мөнгөнхөлөг, Амттаны дагинад Кубын үндэсний балет театрын гоцлооч Жинетт Мончо урилгаар оролцож байгаа бол Цасан хатан, Цасны хааны дүрүүдэд Улаан-Үүдийн балетчин Лиа Балданова, Михайла Овчарова нар тоглох юм байна. Д.Алтанхуяг эх орондоо зохион байгуулж буй тоглолтуудад гадаадын мэргэжлийн бүжигчдийг урин авчирч, дэлхийн шилдэг уран бүтээлчдийн тоглолтыг үзэх боломж олгодог уламжлалтай. Өнгөрсөн 2015 оны "Цөмөөхэй" балетад ОХУ-ын Большой театрын гоцлооч Анастасия Губанова оролцож байсан бол 2016 оны зургаадугаар сард болсон "Night of Ballet" тоглолтод АНУ, Куба, Канадын олон мэргэлжийн бүжигчин ирж модерн балет болон сонгодог балетын эрч хүчтэй, гайхамшигтай тоглолтуудыг үзүүлсэн байгаа.
Мөн энэ жилийн "Цөмөөхэй" балетын гол дүр Клара охин болон түүний найзуудын дүрд тоглох хүүхдүүд саяхан болж өнгөрсөн "Монголын үндэсний балет" тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдээс бүрджээ.