Хайх

Цөмөөхэй балетын хаалт: Д.Алтанхуяг Большой театрын Губанова Анастасиятай хамт гоцлолоо

Цөмөөхэй балетын хаалт: Д.Алтанхуяг Большой театрын Губанова Анастасиятай хамт гоцлолоо

Төгс хослол

Text: Ж.Чинбат


Дуурь бүжгийн эрдмийн театр болон Монголын балетын хөгжил сан, Д.Алтанхуягийн Губанова Анастасиятай хамтарсан гоцлол, мэргэжлийн бүжигчид ба хүүхдүүд, үзэгчдийн сэтгэл хөдлөл нийлээд бүгд сайхан хослолоо

Арванхоёрдугаар сарын 27-нд энэ оны Цөмөөхэй балетын хаалтын тоглолт амжилттай болж өнгөрлөө. Нийт зургаан удаа тоглогдсон Цөмөөхэй балетад 240 гаруй хүүхэд, Монголын төдийгүй Большой театр, Бостоны балетын театрын шилдэг бүжигчдийн бүрэлдэхүүнтэй амжилттай тоглогдож дууслаа.

Мэдээж үзэгчид МУГЖ Д.Алтанхуяг тайзнаа гарахыг хамгийн их хүлээсэн. Д.Алтанхуяг өөрөө "Тайзан дээр би гарах, өөр бүжигчин байх тийм ч ялгаатай зүйл биш" хэмээн өмнө нь бэлтгэлийн үеэр өгүүлж байсан ч тэр бол үнэхээр л энэ цаг үеийн сор болсон бүжигчин мөн ажээ. Тэр бүжиглэж байхад харц нь өөртөө бүрэн итгэлтэй бөгөөд бүх сэтгэлээ бүжигтээ өгснийг нь илтгэх гэрэлтэй, хөдөлгөөн нь эрч хүчтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм харагдсан.

Цөмөөхэй балетын хаалт: Д.Алтанхуяг Большой театрын Губанова Анастасиятай хамт гоцлолоо (фото 1)

Монголын балетын хөгжил сангийн урилгаар тоглолтонд ирж оролцсон Губанова Анастасия нь Большой театрт 2011 оноос эхлэн бүжиглэж эхэлсэн бөгөөд Амтатны дагины дүрд тоглосон. Тэрээр 2005 онд Казакстаны Алма-Атад сургууль дүүргэсэн ба 2008-2011 онд "Русский балет"-ын гоцлол бүжигчин байжээ.

"Клара охин хулганы хаан руу шаахайгаа шидэж, анхаарлыг нь сарниулж байх хооронд Цөмөөхэй ялалт байгуулж чаддаг. Тиймээс хүүхэд, багачууд та бүхэн үүнийг анхааралтай үзээрэй" гэж Д.Алтанхуяг тайзнаа мэндчилэхдээ хэлсэн. Хаалтын тоглолтын Клара охинд Б.Анхзул тоглосон байна. Клара болон бусад дүрд оролцсон хүүхдүүд их театрын тайзнаа хичээнгүйлэн тоглосонд үзэгчдийн өмнөөс дахин нэг баяр хүргэе. Тэд гэр бүл болон найзууддаа баяр, бахдал бэлэглэж чадсан. 

Дашрамд дурдахад Монголын балетын хөгжил сан ирэх 2016 онд Ромео, Жульета балетыг тайзнаа тавих, олон улсын балетын тэмцээн эх орондоо зохиох төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

цааш үзэх