Хайх

Гамлет: Рубик шоо шиг ээдрээтэй хэрнээ сонирхолтой

Гамлет: Рубик шоо шиг ээдрээтэй хэрнээ сонирхолтой

Хамгийн сонирхолтой найруулгын гэрч болох цаг ирлээ

Text: Ж.Чинбат


Гамлет жүжиг монголд эх хэл дээрээ тоглох гэж буйг бид өмнө нь мэдээлсэн. Одоо харин гол дүрийн жүжигчдийг дөнгөж Монголд буугаад байхад нь уулзаж ярилцсанаа дэлгэж байна

Та бүхнийг Монголд ирж дэлхийн сонгодог жүжгийг эх хэл дээр нь тоглох гэж байгаад бид их баяртай байна. Та ямар дүр бүтээх талаараа бидэнд ярихгүй юу. Мөн Монголд жүжгээс өөр юу хийхийг хүсэж байна вэ?

Наим: Миний нэрийг Наим (Naeem) гэдэг бөгөөд би жүжигт Гамлетын дүрийг бүтээж байгаа. Бид энд ирээд удаагүй байгаа ч нисэх буудлаас зочид буудал хүртэлх замдаа хөтчөөсөө Монголын тухай сонсож, түүхтэй нь багахан ч гэсэн танилцаж амжсан. Монгол Улс миний дотроо төсөөлж байснаас тэс ондоо газар байна. Жүжгийн дараа бидэнд чөлөөт цаг гарах тул бид Монгол Улстай илүү их танилцахаар хөдөө явах төлөвлөгөөтэй байгаа. Үүндээ би маш их баяртай байгаа бөгөөд Монголын уудам газар нутгийг үзэхсэн гэхээс тэсэн ядан хүлээж байна.

Кэйт: Намайг Кэйт (Keith) гэдэг, би жүжигт Клаудиус (Claudius), Полониус (Polonius) болон өөр хоёр дүр бүтээх болно. Манай жүжгийн багт хоёр Гамлет, гурван Клаудиус, гурван Гертрюд (Gertrude), гурван Офелиа (Ophelia) байдаг учраас жүжигчин бүр давхар дүр бүтээдэг л дээ. Бид хоорондоо дүрүүдээ сольдог учраас тоглолт маш өвөрмөц болдог. Энэ солигдмол тоглолт нь олон давуу талтай л даа. Хаяа хэн нэгэн маань өвдлөө гэхэд өөр жүжигчин орлочихдог. Монголчууд биднийг маш сайхан элгэмсэг, халуун дулаан угтаж авлаа. Би саяхан энд хийх гол зүйлсээ зохиохдоо морь унах, монгол гэрт буудаллахаар төлөвлөгөөндөө оруулсан. Эдгээр зүйлс миний сэтгэлийг маш их сэтгэл хөдөлгөж байгаа.

Глоб театрын 450 жилийн ой болж буйтай холбогдуулан Юнескогийн ивээл дор дэлхийн бүх орныг хамарсан тоглолт зохиохоор болсон. Тиймээс та бүхэн Монголд ирэхээсээ өмнө манай театрын үзэгчдийн талаар урьдчилан судалж амжсан болов уу?

Наим: Бид үнэндээ Монголын театр болон үзэгчдийн талаар ямар ч мэдээлэлгүй ирсэн. Гэхдээ энэ нь харин ч эсрэгээрээ сайн зүйл болдог байж магадгүй. Учир нь орон бүрийн үзэгчид хоорондоо маш өөр, өвөрмөц байдаг. Тэд бүгдээрээ өөрийн гэсэн түүх, соёл болон үзэл бодолтой шүү дээ. Тэгэхээр бидэнд урьдчилсан ямар ч хүлээлт, төсөөлөлгүй тоглох нь илүү сонирхолтой санагддаг. Бид жүжгээ чин сэтгэлээсээ тоглоод, харин дараа нь үзэгчдийг хэрхэн хүлээж авч буйг хардаг. Энэхүү дэлхийг тойрсон аялан тоглолтод оролцож байгаа нь бид нарын хувьд маш гайхалтай аз завшаан юм. Нэг жүжгийг ийм удаан хугацаанд тавьж байгаа нь бидэнд уран бүтээлчийн хувьд илүү их хөгжих, жүжгээ өргөжүүлэх, сэдсэн бүхнээ бүтээх боломж олгодог. Ийм олон оронд тоглож байгаа маань бахархмаар зүйл шүү дээ. Учир нь маш цөөн хэдэн жүжигчид л ийм туршлагаар гайхуулж чадна.

Гамлет: Рубик шоо шиг ээдрээтэй хэрнээ сонирхолтой (фото 1)

Кэйт: Бид одоо Шексперийн Гамлет жүжгийг 122 дах орондоо тоглох гэж байна. Өмнө нь манай баг Украйны Киевт тоглоход ерөнхийлөгч Порошенко өөрийн биеэр ирж тоглолт үзэж байсан. Тэгэхээр жүжгийг хүлээж авах улс төрийн утга учир орон бүрт өөр байдаг. Бид үзэгчдийн хайрыг урьдчилж олж авахыг хичээдэггүй. Зүгээр л үүргээ гүйцэтгэдэг ба харин дараа нь үзэгчдийн хариу үйлдлийг хардаг.
"Гамлет бидний хувьд жүжиг доторх жүжиг мэт санагддаг" Монголд Гамлет жүжгийг өмнө нь хоёр удаа тавьсан байдаг. Эхний удаа сонгодог дэглэлтээр нь дараа нь нэлээд модерн хэлбэрээр тоглосон. Энэ удаад та бүхэн яаж тоглох вэ? Энэ жүжгийн онцгой зүйл нь юу байх вэ?

Кэйт: Нэг багийн бүрэлдэхүүнтэйгээр дэлхий даяар аялан тоглодог маань өөрөө онцгой юм болов уу. Бид тайзны бүх эд хэрэглэлээ том хайрцгуудад хийгээд онгоцны буудлаас нөгөө буудал руу аваад явдаг. Тэдгээр хайрцагт бидэнд хэрэгтэй бүх л зүйлс бий. Гамлет бидний хувьд жүжиг доторх жүжиг мэт санагддаг. Олон дүр бүтээдэг бүлэг жүжигчид Гамлетад тоглож байгаа ба Гамлет дотроо олон үзэгдэлтэй учраас нэлээд хэдэн давхарга гарч ирдэг. Миний хувьд энэ хэлбэр нь жүжгийг үнэхээр сэтгэл зүрхний гүнд хүрч чаддаг хувилбар бөгөөд сонгодог зохиолыг маш уран яруугаар илэрхийлж чадсан найруулгатай болсон.

Лондонд Шекспирийн зохиолоор жүжиг тоглодог олон театр бий юу. Гамлетыг тавьдаг театруудын дунд өрсөлдөөн байдаг уу?

Наим: Юуны түрүүнд энэ зохиол одоо хүртэл маш их эрэлттэй бас алдартай байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь Гамлетын зохиол маш хүнлэг шүү дээ. Гамлетын зохиолыг өнөөдөр ч олон төрлөөр салбарлуулан ахин дахин бүтээл хийж байна. Кино зохиол, жүжиг, ном гээд дуусашгүй их өв соёл бий болжээ. Сүүлийн зургаан сарын дотор л гэхэд би дөрвөн төрлийн Гамлет тоглож байгааг харсан. Энэ бүхний хамгийн гол онцлог нь одоо хүртэл мөхөөгүй, чухал сэдвийг хөндөж чадсан зохиолдоо байгаа юм.

Кэйт: Ерөнхийд нь яагаад Шекспир дэлхий даяар одоо хүртэл ийм их ач холбогдолтой хэвээрээ байгааг тунгаах хэрэгтэй. Юу түүнийг ийм алдартай болгосон бэ? Түүний үед өөр олон зохиолч байсан ч яагаад Шекспир л бидний сэтгэлд ингэж хоногшин үлдэнэ вэ. Миний бодлоор нэгдүгээрт тэр маш сайн зохиол бичдэг, хоёрдугаарт тэр зохиол бүрдээ тодорхой нэг сургаал дэвшүүлэх гэж оролддоггүй. Тэр зүгээр л сайн дүр ба муу дүрийг танилцуулж, үзэгчдийг өөрсдөө дүгнэлтэд хүрэх боломж олгодог. Тэгэхээр тэр үзэгчдийг бүтээлийн нэгэн хэсэг болгож, оролцуулдаг гэсэн үг юм. Шекспир аливаа зохиолыг рубик шоо шиг ээдрээтэй хэрнээ сонирхолтой болгож чаддаг. Зочид буудал руу явах замдаа би нэг том шоо харсан санагдана. (Энэ нь Нүхтийн амны дор Хятадын төмөр замын нэгдлийн барьж буй байгууламжийг хэлсэн бололтой Ж.Ч) Эцэст нь хэлэхэд Шекспир бидний ярьж буй энэ хэлийг бүтээлцэхэд хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний зохиосон олон үгийг бид өнөөдөр хэрэглэдэг шүү дээ. Нэг хүний хэлснээр "Их Британи олон жижиг арал хэдий ч дэлхий даяарх бүх хүмүүс Шекспирийг биширч, англи хэлээр ярьж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Үүнд бид мөнхөд талархаж явна" гэсэн байдаг. Үнэхээр бид өөр хэл сурахад дэндүү залхуу шүү дээ. Гэхдээ би энэ бүхэн Шекспирийн ач тус болов уу гэж боддог.

Та бүхэн дэлхийн маш олон орноор аялсан. Английн олон зуун жилийн түүхтэй театрын жүжигчний хувиар бусад орнуудын жүжгийг харьцуулж харж, сонирхох завдал гардаг уу?

Гамлет: Рубик шоо шиг ээдрээтэй хэрнээ сонирхолтой (фото 2)

Наим: Мэдээж тэгэлгүй яах вэ. Эхний хэдэн оронд аялж байхдаа бид Гамлет жүжгийн олон хувилбарууд үзсэн. Амстердамд "Гамлет vs Гамлет" гэсэн жүжиг тоглож байсан. Энэ нь бага зэрэг сонин хэв маягтай, хоёр Гамлет хоорондоо тэмцэж буй жүжиг юм. Бид өмнө нь ийм хувилбар хэзээ ч харж байгаагүй. Бас нэлээн хэдэн өөр жүжиг үзсэн шүү. Жишээлбэл, нэгэн арлын жижиг театрт маш сонирхолтой жүжиг тоглодог юм билээ. Тэр жүжигт хархны тухай гардаг ба үлгэрийн хэрнээ ёс суртахууны асуудал хөндсөн гайхамшигтай зохиол байсан. Тайзан дээр жүжигчид нь өөрсдөө хэрхэн таашаал авч байгааг харахад мартагдашгүй байсан шүү. Улс орнуудын өөрсдийнх нь жүжгийг үзэх нь тэр орны соёлыг судлахад их тусалдаг. Би Украйнд нэг хүнтэй таарч, их гоё зөвлөгөө сонссон юм. Тэр бидний аяллын талаар дуулаад ингэж хэлж билээ. "Хэрвээ та нар уран бүтээлч хүний хувьд хот болгоны мөн чанарыг мэдмээр байвал уран бүтээлчид нь кофегоо уудаг, эсвэл урлаг үздэг газар луу нь очоод үзээрэй. Ингэснээр та хотыг дотроос нь мэдрэх болно" гэсэн юм.

цааш үзэх