Харри Поттерын жүжиг “Olivier Awards 2017”-ын 11 төрөлд нэр дэвшжээ
Өмнөх рекордыг “Hairspray” мюзикл 2008 онд тогтоож байсан
Английн "Harry potter and the Cursed Child" жүжиг Лоуренс Оливьегийн нэрэмжит театрын шагнал гардуулах ёслолд нийт 11 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоогоод байна. Энэхүү жүжиг "Шилдэг шинэ жүжиг", "Шилдэг найруулагч", "Шилдэг театрын зураач" зэрэг төрлүүдэд нэр дэвшжээ.
Өмнө нь энэхүү рекордыг Марк Шейманы "Hairspray" мюзикл (1988 оны ижил нэртэй киноноос сэдэвлэсэн) мөн л 11 төрөлд нэр дэвшин тогтоож байжээ. Тухайн үед энэхүү тайзны бүтээл "Шилдэг шинэ мюзикл" зэрэг нийт дөрвөн төрөлд ялалт байгуулсан юм.
"Harry Potter and the Cursed Child" жүжгийн үйл явдал "Harry Potter and the Deathly Hallows" номонд болсон явдлаас 19 жилийн дараа өрнөдөг. Энэхүү жүжгийг Жоан Роулинг ба жүжгийн зохиолч Жек Торн нар хамтран бичсэн байна.
Лоуренс Оливьегийн нэрэмжит шагналыг 1976 оноос эхлэн Лондонгийн театрын нийгэмлэг гардуулсаар ирсэн бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй театрын шагналын нэгт тооцогддог. "Olivier Awards 2017" шагнал гардуулах ёслол дөрөвдүгээр сарын 9-нд зохиогдоно.