Канны кино наадмын нэрэмжит amfAR Gala үдэшлэг 1970-аад оны сэдэвтэй болж өнгөрнө
The Disco Collection
Нью-Йорк хотын домогт Studio 54 шөнийн клубын талаар дуулаагүй хүн гэж бараг үгүй байх. 1970-аад оны сүүлээр хүчээ авсан энэхүү цэнгээний газар нь тэр үеийн хамгийн загварлаг залуучуудыг нэг доор цуглуулдаг байсан түүхтэй юм. Хамгийн сонирхолтой нь Studio 54-ийн үдэшлэгүүдэд хүрэлцэн ирдэг байсан зочдын диско төрх одоо ч загварын ертөнцөд тодорхой хэмжээний нөлөө үзүүлсээр байна. Карин Ройтфельдийн удирдлага доор зохион байгуулагддаг хандивын зорилготой жил бүрийн amfAR гала үдэшлэг нь энэ удаад "дисконы алтан эрин үе" сэдэвтэй байж, тэрхүү эрин үеийн таван загварлаг бүсгүйчүүдэд зориулагдах гэнэ. Тодруулж хэлбэл арга хэмжээний гол дүрийн бүсгүйчүүдээр Бьянка Жаггер, Лайза Миннелли, Жерри Холл, Дайана Росс ба Диана фон Фюрстенберг нар тодорлоо.
Уламжлалт ёсоор арга хэмжээний үеэр дэлхийн томоохон брэндүүд үдэшлэгт зориулан бүтээсэн тусгай загваруудаа танилцуулдаг. Chanel, Tom Ford, Giorgio Armani, Gucci, Louis Vuitton, Givenchy гэх зэрэг 30 гаруй маркуудын урласан диско аястай хувцсыг Наташа Поли, Жордан Данн, Алессандра Амброзио, Ирина Шейк болон бусад супермоделиуд өмсөн гарч ирэх болно. Тавдугаар сарын 19-нд болох гала үдэшлэг хүртэл долоохон хоног үлдлээ.