Канны түүхэнд гарсан дуулиант хэргүүд: Очир эрдэнийн хулгай, хүйсийн ялгавар болон шуугиан тарьсан секс
Зөвхөн кино ч биш
Маш сайн төлөвлөсөн кино наадмын арга хэмжээний үеэр заримдаа санаандгүй тохиолдлоор эсвэл зохион байгуулалттай "алдаанууд" гардаг. Наадмын үеэр кино ертөнцийн бүх л хэвлэл мэдээллүүд цугларсан байдаг тул жижиг гэлтгүй, үйлдэл бүрийг дэвэргэж, сүртэй байдлаар мэдээллэдэг. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө улаан хивсний ёслолын үеэр салхи гарч жүжигчин Софи Марсогийн цээжийг ил гаргаад авсан. Хэрэв та санаж байгаа бол 2006 оны Канны наадмын үеэр жүжигчин Саша Барон Коэн буюу Борат анх удаагаа алдарт ногоон усны хувцсаа танилцуулж байлаа. Мөн 2003 онд "The Brown Bunny" кино Каннын кино наадмын дэлгэцээр гарсны дараа кино шүүмжлэгч Рожер Эберт уг киноны найруулагч Винсент Галлотой хэрэлдэж байв. Учир нь киноны үйл явдалд жүжигчин Клоуи Севиньи жүжигчилсэн биш, бүр жинхэнээсээ аман секс хийж байсан юм. Гэхдээ Франц болон Европчуудыг нүцгэн цээжээр гайхшруулж чадахгүй. Энэ нь тэдний хувьд тийм ч сүртэй зүйл биш. Харин Каннын кино наадамд ихэвчлэн гоо зүйн баримтлал, улс төр болон үе, үеийн дур сонирхлоос үүдэлтэй хэл ам үүсдэг. Тэгэхдээ ийм нөхцөл байдал үүсэх нь ч аргагүй юм. Учир нь Каннын кино наадмын хөтөлбөрт хичнээн маргаантай хэдий ч, цаг үеэ олсон кино тунхаглалууд явагдаж байдаг юм.
Энэ жил Каннын кино наадам бүр эхлээгүй байхдаа л шуугиан тариад амжсан. Тодруулбал, 69 дэх кино наадмыг нээж байгаа найруулагч Вуди Аллен Каннд ирэхийг хүсээгүй гэдгээ Hollywood Reporter хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. (Нислэг хийх болон цагийн зөрүүний улмаас ). Гэхдээ Вуди Аллен эхнэрийнхээ тухай хийсэн мэдэгдэл нь хамгийн их хэл ам дагууллаа. Вуди Аллен ярилцлагадаа, "Би түүний амьдралыг сайхан болгож байгаа. Тэр надад таашаал өгдөг" гэжээ. Хамгийн хачирхалтай нь тэр өөрийн хуучин эхнэр Миа Фэрроугийн өргөмөл охин Сун-И Превентэй гэрлэсэн юм. Олон нийт найруулагчийн хэлсэн үгийг эмэгтэйчүүдийг гадуурхдаг хэмээн тооцож, дургүйцлээ илэрхийлжээ. Ямартаа ч Канны кино наадам дөнгөж эхэлж байгаа учир иймэрхүү мэдэгдлүүд олон гарах нь ойлгомжтой юм. Харин энэ хооронд Геннадий Устиян Каннын түүхэнд үлдсэн бусад алдартай хэргүүдийг сөхөж байна.
1939 он Уйльяам Дитерлегийн бүтээсэн "The Hunchback of Notre Dame" кино нь энэ жилийн наадамд танилцуулагдсан цорын ганц кино болсон юм. Учир нь Германчууд Польш руу дайрч, дэлхийн II дайныг эхлүүлсэн гэх мэдээгээр Каннын кино наадмын арга хэмжээг зогсоосон байна. Үүнээс хойш кино наадам долоон жилийн дараа л эргэн зохиогдож эхэлжээ.
1954 он Грек болон Франц гаралтай жүжигчин Симона Сильва далайн эрэг дагуу зураг авалтанд орж байлаа. Зураг авалтын үеэр "Бүх хувцсаа тайлаарай" гэж хашхиралдах зурагчдын дуунаар жүжигчин бүсгүй цээжээ үнэхээр нүцгэлж, хажууд нь зогсож байсан жүжигчин Роберт Митчэмийн гарыг халхавч болгон ашиглажээ. Энэ үйл явдлыг дурандаа буулгах гэсэн зурагчид шахцалдсаны улмаас бүр таван ч зурагчин гэмтсэн байна. Хамгийн багадаа л гурван зурагчин далайд унасан гэнэ. Харин үүнээс болж кино наадмын захиргаа жүжигчин бүсгүйг эелдэгээр хөөжээ.
1961 он Канны кино наадмын үеэр Испаний дарангуйлагч Франко, Луис Бунюэлийн "Viridiana" киноны нээлтийг зогсоохыг оролдсон юм. Учир нь кинонд гэлэнмаагийн дур хүслийн тухай өгүүлдэг хэсэг гардаг бөгөөд энэ бүтээлийг найруулагчийн эх орон болох Испанид гаргахыг хориглож байлаа. Харин кино наадмын шүүгчид улс төрийн болон шашины хэрүүл, шуугианд өртөхөөс айгаагүй бөгөөд "Golden Palm Award" шагналыг уг кинонд өгч байжээ.
1968 он Франц даяар өрнөсөн оюутнуудын бослогын үеэр найруулагч Луи Маль шүүгчдийн бүрэлдэхүүнийг татан буулгаж, наадмыг зогсоохыг уриалж байлаа. Түүний энэхүү санааг Жан-Люк Годар, Франсуа Трюффо, Клод Лелуш болон Роман Полански нар дэмжсэн юм. Энэ үеэр Испани найруулагч Карлос Саурын киног танилцуулах ёстой байсан ба тэд тайзны хөшигнөөс зүүгдэж киног эхлүүлээгүй байна. Ингэснээр үймээн дэгдээгчид санасандаа хүрч кино наадмыг товлосон хугацаанаас нь тав хоногийн өмнө тараажээ.
2002 он "Irreversible" кинонд газар доорх гарцанд Моника Беллүчигийн дүр хэрцгийгээр хүчиндүүлдэг хэсэг гарахад танхимд байсан 250 хүн кино наадмыг орхин одсон юм. Тэр ч бүү хэл, зарим үзэгчдэд "түргэн" дуудаж өгсөн байдаг. Үүнээс гадна, киноны бас нэгэн гол дүрийг бүтээсэн жүжигчин Венсан Касселийн ах "Irreversible" киноны найруулагч Гаспар Ноэг сүрдүүлсэн гэдэг. Харин танхимд үлдэж киног дуустал нь үзсэн үзэгчид босч зогсоод, алгаа ташиж байжээ.
2009 он Дээрх үйл явдалтай төстэй хэрэг мөн 2009 оны кино наадмаар гарч байжээ. Даний найруулагч Ларс фон Триерийн бүтээсэн "Antichrist" кинонд Шарлотта Генсбүрийн дүр бэлэг эрхтнээ тасдаж хаядаг хэсэг гарахад үзэгчид ухаан алдан унаж, сэрсэн даруйдаа танхимыг орхин гарч байв.
2011 он Энэ удаад мөн л Ларс фон Триер шуугиан тарьж байлаа. Тэрээр өөрийн бүтээсэн "Melancholia" киноны тухай хэвлэлийн бага хурлын үеэр "Би Гитлерийг ойлгож байна" гэж хэлснээр Каннын кинно наадамд оролцох эрхээ хасуулжээ. Өмнө нь Ларс фон Триер найруулагч Поланскиг "Муу одой" гэж хэлж мөн Каннын кино наадмын гол шуугиан таригчаар шалгарч байсан билээ.
2013 он Кино наадмын түүхэнд хамгийн их шуугиан тарьсан хэрэг бол очир эрдэнийн зүүлт хулгайлагдсан явдал байлаа. Кино наадамд зориулсан үдэшлэг зохиогдож байсан зочид буудлаас 2,5 сая долларын үнэтэй зүүлт хулгайлагдсан юм. Хамгийн сонирхолтой нь үдэшлэгийн үеэр харуул хамгаалалтын албаны 80 хүнээс гадна, орон нутгийн цагдаа нар харуулд гарч байжээ. Мөн тус арга хэмжээнд Шэрон Стоун болон Орнелла Мути зэрэг одууд цугларсан байсан юм.
2015 он Өнгөрсөн жилийн кино наадмын үеэр хүйсийн ялгаварт байдал харагджээ. Тодруулбал, наадмын харуул хамгаалалтын албаныхан 50 орчим насны хэсэг эмэгтэйчүүдийг өсгийтэй гутал өмсөөгүй хэмээн улаан хивснээс хөөжээ. Харин өнгөрсөн жилийн наадамд "Sicario" киног танилцуулж байсан жүжигчин Эмили Блант "Намхан ултай гутал өмсөх нь хэвийн зүйл" хэмээн эмэгтэйчүүдийг өмөөрч байв. Хэдийгээр кино наадмын захиргаа тэднээс уучлалт гуйсан ч эмэгтэйчүүдийг гадуурхсан энэхүү үйлдлийг олон нийт буруушааж байсан юм. Ямартаа ч энэ жил болон дараа дараагийн Канны кино наадамд шуугиан дэгдээсэн хэргүүд цаашид үргэлжлэн гарна гэдэгт итгэлтэй байна.