“Barbie” кинонд маш их ягаан өнгө хэрэглэснээс үүдэн тус будгийн хомсдол үүсжээ
Тун удахгүй нээлтээ хийх “Barbie” кино сет дизайндаа маш их ягаан өнгө ашигласан нь илт байсан ч үүнээс шалтгаалан ягаан өнгийн будаг хомсдолд орсон гэвэл та итгэх үү. Энэ талаар киноны албанд дизайнерын үүрэг гүйцэтгэсэн Сара Гринвуд Architectural Digest сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Киноны найруулагч Грета Гервиг хүүхэд бүрийн төсөөлөлд оршдог яв ягаан, хэтрүүлэгтэй ч гэмээр Барбины ертөнц бий болгохыг дизайнерт даалгасан байна. Иймд Гринвуд кино болон театрын уран бүтээлийн будгийг ханган нийлүүлдэг олон улсын Rosco компаниас маш их хэмжээний худалдан авалт хийж, улмаар тус компанийн дэлхий даяар байрших бүх салбарт Fluorescent Pink гэх ягаан өнгө хомсдолд оржээ.
Эргэн сануулахад, Америкийн тоглоом үйлдвэрлэлийн Mattel Inc. компанийн бүтээл Барби хүүхэлдэйн түүхээр хийгдэж буй "Barbie" кино долоодугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийх болно. Нэрт найруулагч Кристофер Ноланы нүсэр бүтээл “Oppenheimer”-тай өрсөлдөхийн тулд ижил өдөр нээлтээ хийхээр кино багийнхан төлөвлөсөн байгаа юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт