Хайх

Эминэм яагаад Оскарын тайзнаа “Lose Yourself”-г дуулснаа тайлбарлалаа

Эминэм яагаад Оскарын тайзнаа “Lose Yourself”-г дуулснаа тайлбарлалаа

Хүн бүрийг гайхшруулсан мөч

Text: Бюро 24/7


Яг одоо Лос-Анжелес хотын Долби театрт зохион байгуулагдаж буй Оскарын наадмын эргэн тойрноо олон сонирхолтой зүйлс өрнөж байна. Тэр дундаа наадмын тайзнаа өмнө нь зарлагдаагүй гэнэтийн дуучин гарч ирсэн нь Эминэм байсан юм. Түүнийг энэ жилийн наадмын үндсэн уран бүтээлчдийн нэг байхыг хэн ч мэдээгүй бөгөөд энэ нь зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд барьсан гэнэтийн бэлэг боллоо.


Хамгийн сонирхолтой нь Эминэм тайзнаа бараг 20 жилийн өмнө нь цацагдаж байсан "Lose Yourself" дуугаа дуулсан нь танхимд цугласан алдарт эрхмүүдийг болон дэлхий даяар наадмыг үзэн суугаа олон сая үзэгчдийг нэгэн зэрэг гайхшруулж, дурсамж сэргээж, сэтгэлийг нь хөдөлгөөд авсан юм. Энэхүү дууны сонголт нь цаг үеэ олоогүй мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ дуучны хувьд гүн утгатай байсныг Эминэм үзүүлбэрийн дараа өөрийн Twitter хуудсаараа дамжуулан тайлбарласан юм.

Тодруулбал 2003 онд Эминэмийн "Lose Yourself" дуу ("8 Mile" киноны саундтрек) Оскарын наадмаас шилдэг дуугаар шалгарч байсан бөгөөд харамсалтай нь тухайн үед Эминэм шагнал гардуулах ёслолд биечлэн оролцож чадаагүй юм. "Чамд хэрэв дахин нэг боломж гарч ирвэл... Наадмын зохион байгуулагчдад намайг урьсанд баярлалаа. Надад энэ тайзнаа гарахад 18 жил шаардагдсанд хүлцэл өчье" хэмээн Эминэм бичжээ.

Эминэмийг тайзнаа дуулж байх үед алдартнууд хэмнэл даган бүжгийн хөдөлгөөн хийж байсан төдийгүй төгсгөлд нь Брэд Питт, Леонардо ДиКаприо, Билли Айлиш нар суудлаасаа босон алгаа ташсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх