Хайх

Брэд Питт анх удаа жүжигчний ангилалд Оскар хүртлээ

Брэд Питт анх удаа жүжигчний ангилалд Оскар хүртлээ

“Once Upon a Time in Hollywood” киногоор

Text: Бюро 24/7


Хэдхэн хормын өмнө жүжигчин Брэд Питт "Once Upon a Time in Hollywood" кинонд бүтээсэн Клифф Бутын дүрээрээ Оскарын шагнал хүртлээ. Питт энэхүү шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналын төлөө "The Irishman" киногоор нэр дэвшсэн Аль Пачино ба Жо Пеши, "A Beautiful Day in the Neighborhood" киногоор нэр дэвшсэн Том Хэнкс болон "The Two Popes" киногоор нэр дэвшсэн Энтони Хопкинс гэх домогт жүжигчидтэй өрсөлдөн ялалт байгуулсан юм.

Энэхүү шагнал нь Брэд Питтийн хувьд жүжигчний ангиллаар хүртсэн анхны Оскар болж байгаа бөгөөд өмнө нь, 2014 онд, түүний продюсерлосон "12 Years a Slave" кино тухайн жилийн Оскарын шилдэг киногоор тодорч байсан билээ.

Брэд Питт шагналаа гардан авахаар наадмын тайзнаа гарахдаа талархлын үгсээ ийнхүү эхлүүлсэн юм. "Зохион байгуулагчдын хэлснээр надад үг хэлэх 45 секунд л бий. Энэ нь энэ долоо хоногт АНУ-ын сенатын зүгээс Жон Болтонд өгсөн хугацаанаас яг 45 секундээр илүү юм байна".

Үүний дараа тэрээр шагналаа хүүхдүүддээ зориулан "Миний хийсэн бүхэнд хүүхдүүд маань өнгө оруулдаг, би та нартаа хайртай" хэмээн яриагаа үргэлжлүүлж, Тарантиног төрөлдөө цор ганц хүн болохыг онцлон "Кино урлагийн салбар чамгүйгээр уйтгартай байхсан" гэж хэлсэн юм. Мөн Брэд Питт эцэг, эхдээ, кинонд хамтран ажилласан хүмүүс болон жүжигчин Леонардо ДиКаприод талархлаа илэрхийллээ.

Брэд Питт өмнө нь Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын хүрээнд "12 Monkeys" киногоор шилдэг туслах дүрийн жүжигчин, "The Curious Case of Benjamin Button" болон "Moneyball" кинонуудаар шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшиж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх