Хайх

Кара Делевинь: “Би загварыг огт тоодоггүй учраас хүмүүс намайг нүдэлсэн байх”

Кара Делевинь: “Би загварыг огт тоодоггүй учраас хүмүүс намайг нүдэлсэн байх”

Жүжигчин, загвар өмсөгч бүсгүй өөрийн дүрүүд, зүүд болон гомдлуудынхаа тухай ярьж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг: GettyImages

Өнгөрсөн долоо хоногт Кара Делевиний гол дүрийг нь бүтээсэн “Цаасан хотууд” кино нээлтээ хийсэн билээ. Манай сурвалжлагч түүнтэй Лондон хотноо уулзаж “Кара Делевиний нөлөө” яг юунд байна вэ гэдгийг сонирхлоо

Би Каратай уулзахаар болзсон зочид буудлынхаа үүдэнд таарлаа. Тэнд хэдийнэ арав гаруй шүтэн бишрэгчид нь цугларсан байж. Шүтээнээ хармагцаа тэд гар утас болон сэтгүүлийн зургуудаа барин түүн рүү тэмүүлцгээнэ. Нэг охин Делевинээс Instagram-даа найзаар нэмж өгөөч гэж даруухнаар гуйлаа. "Өө маш амархан!" гэж хэлэх Кара утсаа гарган хүслийг нь биелүүллээ. Өнөөх 14 настай гэмээр фэн охин салгалсандаа болоод баярласнаа ч илэрхийлж чадахгүй болчихов. Кара над руу болон PR менежер эмэгтэй рүү буруушаан харлаа. Учир нь ярилцлагын цаг яваад байлаа.
Миний дотор "Кара Делевиний нөлөө" алдарт бүсгүйг ичээдэг ганц зүйл мөн болов уу гэх асуулт дахин давтагдан сонсогдов. Харин Кара өндөр сандал дээр гарч суун миний ямар ч асуултанд ёжтой үгсээр хариу өгөхөд бэлэн болжээ. Миний бодлоор тэр Кью гэх хөрш залуугаа галзууруулдаг "Цаасан хотууд" киноныхоо дүр болох Марготой тун адил юм билээ. Нууцлаг бас сонирхолтой.
"Би яг л Марго. Тиймээс бид хоёрт айх зүйл үгүй" гэж тэрээр миний дотоод бодлыг таасан мэт яриаг эхлүүллээ.

Чи дандаа ийм байсан уу эсвэл карьер чамайг ийм болгосон уу?

Би хүүхэд байхын л юунаас ч айдаггүй байсан. Хүмүүс намайг таашгүй гэж их хэлдэг. Харин миний бодлоор намайг зөгнөн мэдэхэд их амархан. Учир нь би хаана л сонирхолтой зүйл байна, тийшээ л тэмүүлдэг.

Кинонд Марго нэлээд чангахан шоглоомууд хийдэг. Чи тийм байж чадах байсан уу?

Сургуульд байхдаа би найз охидуудтайгаа хоолны өрөөнд нууцаар орж давс сахарыг хооронд нь солиод хийчихдэг байсан.

Кара Делевинь: “Би загварыг огт тоодоггүй учраас хүмүүс намайг нүдэлсэн байх” (фото 1)

Кара Делевинь: “Би загварыг огт тоодоггүй учраас хүмүүс намайг нүдэлсэн байх” (фото 2)

Тэгээд баригдаж байв уу?

Би өөрийгөө баригдуулахгүй байх арга хэмжээг сайтар авдаг байсан. Гэхдээ хамгийн зугаатай явдал зун, зусланд болж билээ. Би улаан хүрэн будагтай үзэг авч, түүгээрээ унтаж байгаа найзуудынхаа духан дээр эрэгтэй хүний бэлэг эрхтэн зурдаг байсан. Гэвч би их хурдан баригдсан л даа. Учир нь миний өөрийн духан дээр юу ч байгаагүй.

Марго та хоёрт үнэхээр адилхан зан чанарууд байгаа юм байна. Тэгвэл ялгаа юу байна?

Марго өшөө авах гэж хуучин найз залуугаа хатуухан шоглодог. Харин би хайртай хүмүүсээрээ их тоглодог! /инээв/

Хувийн амьдралын хувьд Кара өөрөө ч мөн паппарацичдыг  уйдаадаггүй билээ. Нью-Йорк хотноо болсон "Цаасан хотууд" киноныхоо нээлтэн дээр 22 настай загвар өмсөгч маань 32 настай St. Vincent (жинхэнэ нэр нь Энни Кларк) гэх найз бүсгүйтэйгээ хамт иржээ. Хэвлэлийнхэний анхаарлыг Карагийн найзууд болох Тэйлор Свифт, Карли Клосс нар бас маш их татдаг. Ялангуяа тэр гурвыг хамтдаа олон нийтийн арга хэмжээнд ирэхэд нь бүгд л тэр гурав дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Тэд харин үүнийг дуртайяа ойр ойрхон хийдэг ба киноны нээлт, загварын шоун дээр байнга хамтдаа явдаг байна.
"Найзууд миний хувьд маш чухал. Би хуурмаг олон танилаас илүү дотны хэдэн найз бүсгүйчүүдтэй хүн. Би тэднийхээ төлөө машин дор ороход ч бэлэн. Сургуульд байхын л надад итгэл найдвар маш чухал зүйл байсан" гэж Кара ярилаа.

Чи том ангид байхдаа "Муу санаат охид" кинонд гардаг шиг алдартай байсан уу?

Маргаангүй, би их олон найзтай байсан. Гэхдээ бид бүх цагаа дэлгүүр хэсч, хумсаа ягаанаар будахад зориулаагүй. Бид хөгжмийн сургуульд цагаа өнгөрөөж, дүрст бичлэг хийж, компьютер дээр эвлүүлэн сонирхолтой видео болгодог байлаа. Ер нь би ангидаа их алиа нь байсан учраас байнга хүмүүсийг инээлгэж, хөгжөөдөг. Тиймээс бидний хийсэн бүх бичлэгүүд ихэвчлэн хошин маягийн болдог байсан.
"Найзууд миний хувьд маш чухал. Би хуурмаг олон танилаас илүү дотны хэдэн найз бүсгүйчүүдтэй хүн. Би тэднийхээ төлөө машин дор ороход ч бэлэн."
Чи бол кинонд тоглосон загвар өмсөгч. Чамд хүмүүст танигдаагүй өөр нууцлаг авьяас үлдсэн үү?

Би илбэ сайн үзүүлдэг. Хэрэв миний карьер бүтэлгүйтвэл би явуулын циркэд орж болно. Мөн би их давгүй нарийн боов хийдэг шүү.

Чи талх иддэг гэж үү?

Иддэг. Даанч бусадтай адил түүнээс болоод таргалчихдаг. "Амиа хорлогчдын бүлэг" (2016 оны зун нээлтээ хийх) кинонд орохын тулд би нүүрс ус багатай хоолны дэглэмд орсон. Учир нь зураг авахад би тамирчин шиг чанга биетэй байх хэрэгтэй байлаа.

За тэгээд зөвхөн уураг, ногоо идэх ямар байв даа?

Маш уйтгартай. Гэхдээ би гоё дүрийн төлөө олон юмнаас татгалзаж чадна. Магадгүй ганц хөмсгөө л хусахгүй байх. /инээв/

Загварын ертөнцөд байр суурь эзлэх  хэцүү юу, эсвэл кино урлагт хэцүү юу?

Аль аль салбар уруу анх хөл тавих маш хэцүү. Гэхдээ миний бодлоор загварын ертөнцөд миний "нүдлэгдсэн"-ий учир нь би загвар болон биеэ тоох зүйлсэд маш дургүйгээс болсон болов уу. Хүмүүс намайг галзуу гэж боддог байх. Гэхдээ л тэд дахин дахин урилга  явуулдаг юм. Магадгүй "зэвүүн" байх тусам сонин байдаг ч юм болов уу. Эргэн тойронд загвар өмсөгч болохыг хүссэн дэндүү үзэсгэлэнтэй хүмүүс дүүрэн байна. Бүр солиормоор их гээч. Гэхдээ загварын салбарт чамайг маш сайн хэд хэдэн компанит ажилд оруулсан ч дараа нь мөнхөд мартаж чадна. Харин жүжигчний ажил арай тогтвортой юм шиг. Хэрэв чи үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж чадсан бол удаан хугацаанд сэтгэлд нь хоногшиж үлдэнэ шүү дээ.


"Загварын ертөцөд миний нүдлэгдсэний учир нь би загвар болон биеэ тоох зүйлүүдэд нэн дургуйгээс болсон болов уу"

Чи хүмүүсийн санаанд Англи гэдгээрээ их хоногшсон юм шиг. "Цаасан хотуудад" Америк бүсгүйн дүр бүтээх амархан байсан уу?

Би Америк аялгаас эхлье гэж бодсон. Тэгтэл Америк сэтгэлгээ бүхэл зураг авалтын турш миний бодлыг эзэмдэж чадсан. Би зураг авалтын талбайгаас ч гадуур Америк хүн шиг ярьж байсан. Миний дотны хүмүст энэ нь их сонин санагдаж, юу ч гэсэн зүгээр мессежээр харилцдаг болцгооё гэсэн. Зураг авалтын эхний долоо хоногийн дараагаас би хар дарж зүүдэлдэг болсон. Зүүдэндээ би Аризонагийн нэгэн цөлд, бөөн бургас хамхуулын дунд байх ба миний бүх шүднүүд унаж эхэлсэн...

Ямар сонин зүүд вэ?

Харин тийм. Их Америк хэв маягтай гэж надад санагдсан.

Кара Делевинь: “Би загварыг огт тоодоггүй учраас хүмүүс намайг нүдэлсэн байх” (фото 3)

Кара Делевинь: “Би загварыг огт тоодоггүй учраас хүмүүс намайг нүдэлсэн байх” (фото 4)

Чамд урьд нь хуурамчаар өөрийн имижээ өөрчлөх шаардлага гарч байсан уу? Юу ярих вэ гэдгээ цэнэх болон чиний тухай  бусад хүмүүс юу бодох бол гэх мэтээр?

Би өөрийн шүтэн бишрэгчиддээ хэн нэгнийг дууриах хэрэггүй шүү гэж байнга хэлдэг. "Кара Делевинь болох" гэсэн хүмүүс байдаг. Гэвч энэ чинь тэнэг асуудал шүү дээ. Учир нь би хэн нэгнээс илүү ч биш дутуу ч биш.

Гэхдээ чи имижийнхээ талаар хэлсэнгүй шүү дээ. Тэгэхээр энэ "рок стилийн загвар өмсөгч бүсгүйн" дүр хаанаас гарч ирэв?

Би хөгжмийн сургууль дүүргэсэн ба олон төрлийн хөгжмийн зэмсэг эзэмшсэн. Надад савхи болон савхин хүрэмнүүд таалагддаг. Ингээд л бүх орц нь бүрэлдэж байна. Өө тийм, би чинь бас зэрлэг амьтан шүү дээ. Намайг ямар ч гоёмсог торонд оруулж чадахгүй.
"Би өөрийн шүтэн бишрэгчиддээ хэн нэгнийг дууриах хэрэггүй шүү гэж байнга хэлдэг"

Чамд мөрөөдлийн дүр гэж бий юу?

Би ирээдүйн тухай ямар нэгэн гайхалтай кинонд, эсвэл "Формула-1"-ийн анхны эмэгтэй аваргын дүр эсвэл АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн тухай дүр бүтээмээр байна. Гэхдээ энэ сүүлчийнх нь удахгүй амьдрал дээр биелнэ гэж найдаж байгаа.

Хиллари Клинтоноос гадна чамд хэн урам өгдөг вэ?

Загварын ертөнцөд бол мэдээж хэрэг Кейт Мосс. Жүжигчдээс Мэрил Стрип, Жуди Денч болон Хелен Миррен. Би тэд нар шиг мундаг болохыг мөрөөддөг.

Эхлээд удаагүй ч гэсэн жүжигчний карьерийнхаа өнгөрсөн хугацаанд гоё дүр алдсан үе чамд бий юу? 

Би 16 настайдаа маш том цохилтонд орсон юм. Тэр нь Тим Буртоны "Алиса гайхамшгийн оронд" киноны шалгаруулалтанд амжилтгүй оролцсоноос болсон л доо. Өөрийгөө бараг энэ киноны төлөө төрсөн гэж боддог байлаа. Түүнээсээ болж би удаан хугацааны туршид өөрийгөө буруутгаж, тэр киног үзэж чадахгүй байж билээ. Тэгээд үзсэнийхээ дараа гомдлоосоо болж Миа Васиковскаг үзэн ядаж билээ. Би хожигдох дургүй. Гэхдээ бага багаар суралцаж байгаа. Хэрэв ямар нэгэн дүрийг би авч чадаагүй бол шууд тухайн дүрд илүү тохирох гурван жүжигчнийг бодож олдог. Заримдаа их чалчдагаасаа болоод тэр жагсаалтаа найруулагчид задалчихдаг шүү.

цааш үзэх