Хайх

Шинэ ба хуучин “Westworld”: Кино ба цувралын долоон гол ялгаа

Шинэ ба хуучин “Westworld”: Кино ба цувралын долоон гол ялгаа

Spoiler Alert!

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO телевизийн “Westworld” цувралыг Майкл Крайтоны 1973 онд бүтээсэн ижил нэртэй киноноос сэдэвлэн бүтээсэн юм. Тэгвэл энэхүү шинээр хийгдсэн цуврал нь анхны “Westworld” киноноос ямар ялгаатай болохыг бид тодрууллаа

"Westworld" цувралын эхний арван ангитай улирал арванхоёрдугаар сарын 4-нд дэлгэцэнд гарч дууссан билээ. Харин дараагийн улирал 2018 оноос наашгүй. Тиймээс энэ хооронд 1973 оны "Westworld" киног үзэхийг санал болгож байна. Гэхдээ үүний өмнө "Westworld" цуврал ижил нэртэй киноноос ямар ялгаатайг олж мэдэцгээе.

Киног хүүхдүүд үзэж болно

"Westworld" цувлалд тэрхүү цэнгэлдэх хүрээлэнд ирсэн зочид нэг бол роботуудыг алж үгүй бол тэдэнтэй секс хийх гэсэн хоёр л зорилготой байдаг. Мөн роботуудыг техникийн шинжилгээнд үргэлж нүцгэн байдалтай оруулдаг билээ. Тэгвэл 1973 оны кинонд бүх зүйл маш "цэвэрхэн". Тэр тусмаа шинэ гарсан цуврал +18 гэсэн насны ангилалтай бол бүрэн хэмжээний кино нь бүх насны хүүхдүүд үзэх боломжтой.

Өмнө нь роботуудыг дахин цэнэглэх шаардлага гардаг байсан

Майкл Крайтоны хуучны кинонд роботууд заримдаа цэнэг нь дууссанаас болж ашиглалтаас гарч, зочдыг бухимдуулдаг байжээ. Мэдээж цувралд ийм зүйл байхгүй ч зарим тохиолдолд роботуудыг техникийн үзлэгт оруулдаг. Үүнээс гадна кинонд хэн нь робот, хэн нь жинхэнэ хүн бэ гэдэг нь шууд харагддаг бол цувралд энэ нь гол нууцуудын нэг нь байдаг (Бернардыг л санахад болно!).

Шинэ ба хуучин “Westworld”: Кино ба цувралын долоон гол ялгаа (фото 1)Шинэ ба хуучин “Westworld”: Кино ба цувралын долоон гол ялгаа (фото 2)

Үнэ

Цэнгэлдэх хүрээлэнгийн үнэ 40 жилийн хугацаанд асар их өсчээ. Хэрэв өмнө нь цэнгэлдэх хүрээлэнд нэг өдрийг өнгөрүүлэхэд 1,000 доллар байсан бол одоо 2016 оны цувралд 40,000 доллар болсон байна. Мэдээж үнийн өсөлтөд хэзээ ямагт капитализм, инфляци буруутай байдаг шүү дээ!

Кинонд хэд, хэдэн цэнгэлдэх хүрээлэн байсан бол цувралд одоогоор нэг л сэдэвчилсэн парк байгаа

Крайтоны "Westworld"-д "Вестерн", "Ромын эзэнт гүрэн", "Дундад зуун" гэсэн гурван сэдэвчилсэн парк байдаг. Уг киноны үйл явдал ихэвчлэн "Westworld" буюу вестерн ертөнцөд өрнөж байсан ч зарим нэг хэсэгт нөгөө хоёр парк ч гардаг байжээ. Тэгвэл одоогоор цуврал кинонд нэг парк гарч байгаа хэдий ч хамгийн сүүлийн ангид самурай нарын ертөнцийг хальт харуулсан. Гэхдээ энэхүү самурайн парк цувралын дараагийн ангиудад тусдаа бие даасан цэнгэлдэх хүрээлэн болж гарах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Шинэ ба хуучин “Westworld”: Кино ба цувралын долоон гол ялгаа (фото 3)

Цувралын гол дүр нь робот

"Westworld" кинонд гол дүр бол зугаацахаар ирсэн хоёр зочин ба Хар хувцастай хүн байдаг. Тэгвэл цувралын гол дүр Долорес гэх робот бүсгүй юм. Тэрээр энгийн нэг тосгоны бүсгүй бөгөөд зоригт ковбой залуутай (Жеймс Марсден) хайр сэтгэлийн холбоотой. Үйл явдлын эхэнд Долорес нэг их чухал дүр шиг санагдахгүй боловч үнэн хэрэгтээ тэрээр паркийн анхдагч роботуудын нэг болж таардаг. Түүнийг гол баатар болгосноор "Westworld" цувралын уран бүтээлчид үзэгчдийн анхаарлыг утга учиргүй буудалцаанаас хүний мөн чанарт хандуулах гэж хичээсэн юм.

Цувралд ямар ч дүрэм байхгүй

Хэдийгээр анхны кинонд хүчирхийлэл хангалттай байсан ч зарим нэг дүрэм үйлчилдэг байсан. Жишээ нь "зочин" роботыг хөнөөсөн тохиолдолд шериф түүнийг шоронд хорьж, цаазын ял тулгадаг байв. Харин цувралд хүн аллага үйлдсэн тохиолдолд хэн ч тоодоггүй ба харин ч гэмт хэргийг дэмждэг юм.

Шинэ ба хуучин “Westworld”: Кино ба цувралын долоон гол ялгаа (фото 4)Шинэ ба хуучин “Westworld”: Кино ба цувралын долоон гол ялгаа (фото 5)

Хар хувцастай хүн бол робот биш

Цувралд Хар хувцастай хүн робот биш байдаг нь "Westworld" киног үзсэн хүмүүст маш том гэнэтийн бэлэг болсон. Учир нь анхны хувилбарт тэрээр код нь өөрчлөгдсөнөөс болж маш их хүчирхийлэл үйлддэг болсон робот байсан юм.

Ямартаа ч аль, аль хувилбарт роботуудыг хөнөөж болдог, хүмүүсийг алах боломжгүй гэсэн ижил дүрэм үйлчилдэг. Тиймээс Хар хувцастай хүн хүссэн хэмжээгээрээ аллага үйлддэг. Цувралын эхний улирлын төгсгөлд 30 жил аллага хийж байгаа Хар хувцастай хүн бол "Westworld" паркийн гол хувьцаа эзэмшигч болох нь илэрдэг.

Магадгүй 1973 онд хийсэн киног одоо үзвэл танд бага зэрэг "болхи" санагдаж магадгүй. Гэхдээ "Westworld" цувралын хоёрдугаар улирлын зураг авалт 2017 оны долоодугаар сард эхлэх учраас та энэ хооронд киног нь амжиж үзээрэй!

Шинэ ба хуучин “Westworld”: Кино ба цувралын долоон гол ялгаа (фото 6)

цааш үзэх