Хайх

2016 онд гарах хамгийн хүлээлттэй цомгууд

2016 онд гарах хамгийн хүлээлттэй цомгууд

Рианна, Канье Уэст, Sia болон бусад

Text: Б.Амина


Зураг:

Энэ жил өнгөрсөн оныхоос ч илүү олон цомог бид бүгдийн сонорыг мялаах нь ээ. Энэ оны шинэ цомгуудын салхийг хагалсан, талийгаач Дэвид Боуигийн цомгийн араас ямар цомгууд гарахаар хүлээлт үүсгэж буйг харцгаая

Rihanna - Anti

Нэгдүгээр сарын 19

Хүсэн хүлээсэн Рианнагийн Anti цомог өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарах байсан ч цомгийн гарах хугацаа хэд хэдэн удаа хойшлогдож байсан юм. Тэгвэл одоо нэгдүгээр сарын 19-нд цомгийн нээлт болно гэх баттай тов зарлагдлаа. Цомгийн хавтсан дээрхи Рой Нахумын зураг, American Oxygen, Bitch Better Have My Money мөн FourFiveSeconds гэсэн гурван хит дуу зэрэг найман тизер бүгд нийлээд Рианнагийн найм дах цомгийг гайхалтай бүтээл болно гэх найдвар төрүүлж байна.

Sia - This Is Acting

Нэгдүгээр сарын 29

Энэ сард Сиа шинэ цомгоо танилцуулахаар зэхэж байна. Түүний долоо дах цомог урьд урьдын гаргасан цомгуудаас нь илүү хүлээлттэй болсон. Сиа Chandelier дуугаа гаргасны дараагаар түүний амжилт гэрлийн хурдаар өссөн юм. Сүүлийн хэдэн сард тэрбээр Адель, Рианна зэрэг поп одуудад зориулагдан бичигдсэн дуунуудаа дэлгэсэн билээ. Эдгээр дуунууд нь түүний шинэ This Is Acting цомогт багтсан байгаа.

Junior Boys - Big Black Coat

Хоёрдугаар сарын 5

Канадын электроник дуэт Junior Boys ойрын таван жилийн хугацаанд анхны цомгоо гаргах гэж байна. Өнгөрсөн таван жил тэд бие даасан уран бүтээл болон Caribou, Жесси Ланца зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан билээ. Шинэ цомогт багтсан Big Black Coat, Over It дуунууд өнгөрсөн жил гарсан бөгөөд удахгүй гарах цомог нь тэдний студийн тав дах цомог болж байгаа юм.

Канье Уэст - Swish

Хоёрдугаар сарын 11

Канье Вест ч мөн адил өнгөрсөн хэдэн сарын хугацаанд шинэхэн цомгийн тизерээ ар араас нь гаргасаар нэгдүгээр сар гэхэд шинэ уран бүтээлээ илүү идэвхитэй танилцуулж эхэлсэн. Тэр Facts дуугаа гаргахдаа Баасан гараг бүр шинэ бүтээлээ дэлгэнэ гэсэн амлалтандаа хүрч байгаа. Канье Вестийн шинэ цомгийн бичлэгт Ty Dolla $ign, Sia болон Пол МакКартни зэрэг уран бүтээлчид хамтран ажиллажээ.

Sky Ferreira - Masochism

Цомгийн нээлтийн тов хараахан гараагүй

Скай шинэ цомгийнхоо хавтасны зургийг дэлгэсэн ч цомогт багтсан уран бүтээлээ дэлгэхдээ яарахгүй байгаа бололтой. Тэрбээр Primal Scream-ын Бобби Гиллеспи болон Эндрю Иннс нартай хамтарч байгаа бөгөөд Masochism цомгийн продюсерээр өмнө нь Haim-тай хамтран ажилласан Ариэль Рехстсшэйд энэ удаа ч ур чадвараа түүнд зориуллаа. Masochism цомог Скай Феррейрын гаргасан Night Time, My Time цомгийн дараах хоёр дах цомог болж байгаа юм.

Metronomy

Цомгийн нэр болон нээлтийн тов хараахан гараагүй

Өнгөрсөн оны долоодугаар сард Жо Маунт Digital Spy-д өгсөн ярилцлагадаа удахгүй гарах цомог нь Бек болон Брайан Ферри нарын дуунаас урам авсан бөгөөд Love Letters (2014) цомгийн эсрэгцэл болно хэмээн мэдэгдэж байсан билээ. Цомог энэ 2016 ондоо багтаж гарна гэж найдъя.

Radiohead

Цомгийн нэр болон нээлтийн тов хараахан гараагүй

Шинэ цомгийн мэдээлэл нууцлаг хэвээр байгаа тул шүүмжлэгчид Бондын кинонд зориулан гаргасан SPECTRE дуу эсвэл хөгжмийн наадмууд дээр тоглогдсон бүтээлүүд гэх зэргээр шинэхэн цомогт ямар уран бүтээл багтахыг урьдчилан таамаглацгааж байна. Дашрамд дурдахад Том Йорк болон хамтлагийн бусад гишүүд хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд DAWN CHORUS LLP нэртэй шинэ компани байгуулжээ.

The ХХ

Цомгийн нэр болон нээлтийн тов хараахан гараагүй

Өнгөрсөн онд Жейми бие даасан In Colour цомгоо гаргасан ч мөн The ХХ хамтлагийн шинэ цомгийн продюсерээр ажиллажээ. Аравдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр хамтлагт хийж дуусгаагүй олон уран бүтээл хуримтлагдсан гэж байсан юм. Шинэхэн цомог хамтлагийн өмнө гаргаж байсан XX (2009) болон Coexist (2012) цомгуудын дараах гурав дах цомог болох юм.

 

цааш үзэх