Хайх

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд

Text: Buro.Mongolia


Дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми наадам Лос-Анжелес хотын Crypto.com цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн жилүүдийн адил наадмын хөтлөгчөөр Тревор Ноа дахин ажилласан бол дуучин SZA, Тейлор Свифт, Билли Айлиш, Фиби Бриджерс нар наадмын гол шагналыг хүртсэн уран бүтээлчид болжээ. Мөн энэ жил “Оны шилдэг Африк дууны үзүүлбэр”, “Оны шилдэг алтернатив жазз цомог”, “Оны шилдэг поп бүжгийн бичлэг” гэсэн гурван шагналын төрөл нэмэгдэж байгаа гэдгээрээ онцлог болж байна.

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 1)
SZA
66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 2)
Билли Айлиш
66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 3)
Фиби Бриджерс

Түүнчлэн тус үдэш Тейлор Свифт 14 дэх Грэмми шагналаа хүртэж, Karol G анхны Грэмми шагналаа атгаж, домог болсон уран бүтээлчид тайзнаа эргэн ирж үзэгчид болон уран бүтээлчдийн нүдэнд баярын нулимс цийлгэнүүлээд амжлаа. Ийнхүү бидний зүгээс 66 дахь удаагийн Грэмми наадмын шилдэг, онцлох мөчүүдийг тоймлон хүргэж байна.

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 4)
Тейлор Свифт
66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 5)
Karol G

Тейлор Свифт Грэммигийн тайзнаа шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг задлав

Энэ жилийн наадмаар дуучин Тейлор Свифт "Midnights" цомгоороо "оны шилдэг цомог" хэмээх хүндэт шагналыг хүртэж, Грэмми наадмын түүхэнд тус шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны хүн болж түүхэнд бичигдлээ. Түүнчлэн Тейлор Свифт "The Tortured Poets Department" нэртэй цоо шинэ цомгоо гаргах гэж буйгаа Грэммигийн тайзнаа шагнал хүртэж байхдаа зарлажээ.

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 6)

Тэрээр "Надад энэхүү шагналыг өгсөн Америкийн дуу бичлэгийн академидаа баярлалаа. Мөн надад саналаа өгсөн шүтэн бишрэгчдийгээ дурдахгүй байхын аргагүй. Та нартаа үргэлж баярлаж явдаг гэдгээ хэлэхийн сацуу та бүхнээсээ хоёр жил гаруй хугацаанд нууцалж байсан нэгэн нууцаа задалъя. Миний цоо шинэ цомог ирэх дөрөвдүгээр сарын 10-нд цацагдах болно" хэмээн баяр дээр баяр нэмсэн үдшийг шүтэн бишрэгчдэдээ бэлгэлжээ.


Майли Сайрус карьерынхаа түүхэнд анх удаа Грэмми шагнал хүртлээ

Дуучин Майли Сайрус "Flower" дуугаараа "оны шилдэг дуу бичлэг", "оны шилдэг поп соло үзүүлбэр" зэрэг шагналуудыг хүртэж, карьерынхаа түүхэн дэх анхны Грэмми шагналаа гардан авлаа. 

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 7)

Тэрээр "Үнэхээр гайхалтай санагдаж байна. Гэхдээ миний амьдрал өчигдөр ч гэсэн хангалттай сайхан байсан болохоор энэ шагнал амьдралд минь байгаа зүйлсийг өөрчлөхгүй гэж найдаж байна. Хүн болгон Грэмми шагнал хүртэхгүй. Гэвч хүн бүр өөр өөрсдийн хувьдаа гайхалтай юм шүү. Тиймээс үүнийг хэт дөвийлгөж битгий яриарай" хэмээн даруухан үгсээр хүндэт шагналаа гардан авчээ.


"Barbie" киноны амжилт үргэлжилсээр...

Наадмын голлох шагналуудын нэг болох "оны шилдэг дуу" төрөлд "Barbie" киноны "What Was I Made For" дуу шилдгээр шалгарчээ. Улмаар үзэгчид болон сонсогчид тус бүтээлийг 96 дахь удаагийн Оскарын наадамд "шилдэг дуу" төрөлд ялалт байгуулна хэмээн таамаглаж байна. Мөн энэ үдэш Билли Айлиш өөрийн ах FINNEAS-тай хослон "What Was I Made For" дуугаа тайзнаа эгшиглүүлж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөөд амжлаа.


Трейси Чапман 35 жилийн дараа Грэммигийн тайзнаа

Өнгөрсөн онд дуучин Люк Комбс "Gettin' Old" цомогтоо зориулж домогт дуучин Трейси Чапманы "Fast Car" дууг дахин дуулж байсан билээ. Тэгвэл Трейси Чапман 35 жилийн дараа Грэммигийн тайзнаа энэхүү алдарт дуугаа дуучин Люк Комбстой хамтран дуулж, танхимд хуран цугларсан алдартнууд болон үзэгчдийн сонорыг мялаагаад амжлаа.

Дуучин Трейси Чапман 1989 онд "Fast Car" бүтээлээрээ "оны шилдэг шинэ уран бүтээлч" шагналыг Грэммигээс хүртэж байсан юм. 


Jay-Z шагнал хүртсэн ч эхнэрээ өмгөөлж дуугарахаа мартсангүй 

Реппер, продюсер Jay-Z энэ үдэш Dr. Dre-гийн нэрэмжит шагнал болох "Dr. Dre Global Impact Award" шагналыг гардан авсан билээ. Тэрээр уг хүндэт шагналыг гардан авахдаа "Та бүхнийг намайг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Би энд сууж буй залуу хатагтайг ичгэвтэр байдалд оруулахыг хүссэнгүй. Гэхдээ тэр энд сууж байгаа бүх хүмүүсээс хавь илүү тооны Грэмми шагналыг хүртэж байсан ч хэзээ ч "оны шилдэг цомог" шагналыг авч байгаагүй. Яаж ч бодсон зөв биш байгаа биз дээ?" хэмээн үргэлжлүүлэн тайзан дээр өөрийн охин Блю Айвиг урьж сэтгэлийн үгээ хэлсэн юм.

Тэрээр "Энэ үдэш та нарын зарим нэг нь гэртээ хариад дээрэмдүүлсэн мэт мэдрэмж авч магадгүй. Зарим нь хүртэх ёстой шагналын төрөлдөө нэр дэвшээгүй ч байж магадгүй. Би сандрахаараа үнэнээ хэлчихдэг төрлийн хүн л дээ" гэсээр тайзнаас буужээ.

Jay-Z "залуу хатагтай" гэж тодотгохдоо нэрийг нь дурдаагүй ч эхнэр Бейонседоо хандаж хэлсэн нь ойлгомжтой байсан юм. Бейонсе нийт 32 удаа Грэмми шагнал хүртэж байсан ч нэг ч удаа "оны шилдэг цомог" хэмээх хүндэт шагналыг өөрийн болгож чадаагүй байгаа билээ. 

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 8)

Домогт дуучин Селин Дионы гэнэтийн зочлолт

Хоёр жилийн өмнө дуучин Селин Дион “Stiff - Person Syndrome” буюу биеийн булчингуудыг агшааж, хатууруулдаг маш ховор төрлийн эдгэршгүй өвчин туссан гэдэг гунигт мэдээг хуваалцсан билээ. Урлагийн ертөнцөөс түр завсарлага аваад буй тэрээр Грэммигийн тайзнаа "оны шилдэг цомог" шагналыг гардуулахаар гэнэт гарч ирж үзэгчид болон хуран цугларсан алдартнуудад бэлэг барилаа.

Тэрээр "Би энд байгаадаа үнэхээр их баяртай байна. Чин сэтгэлээсээ баярлаж байна" хэмээн сэтгэлийн үгээ хэлээд амжсан юм. Өмнө нь дуучин Селин Дион Грэмми наадмаас нийт зургаан шагналыг хүртэж байсан түүхтэй.

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 9)

80 насны босгон дээрээ Грэммигийн тайзнаа анхны үзүүлбэрээ үзүүлсэн Жони Митчелл

"Big Yellow Taxi", "The Circle Game" зэрэг олон бүтээлүүдээрээ алдартай дуучин, ая зохиогч Жони Митчелл карьерынхаа түүхэнд есөн удаа Грэмми шагнал хүртэж байсан ч энэ үдэш анх удаа 1969 онд гаргаж байсан "Both Sides Now" дуугаа Грэммигийн тайзнаа дууллаа. Тоглолтын үеэр танхим тэр чигтээ чимээгүй болж Бейонсе, Оливия Родриго тэргүүтэй алдартнууд нүдэндээ нулимстай, сэтгэл хөдлөл дүүрнээр үзүүлбэрийг шимтэн сонсож дуусгажээ.

Түүнчлэн тус үдэш ахмад дуучин Жони Митчелл "Joni Mitchell at Newport" цомгоороо "оны шилдэг фолк цомог" төрөлд шилдгээр шалгарч 10 дахь Грэмми шагналаа гардан авсан юм.


Ингээд Грэмми 2024 шагнал гардуулах ёслолын гол төрлүүдийн ялагчидтай танилцацгаая.

Оны шилдэг дуу

“What Was I Made For?”- Билли Айлиш

Оны шилдэг дуу бичлэг

“Flowers” - Майли Сайрус

Оны шилдэг шинэ уран бүтээлч

Виктория Моне

66 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 10)

Оны шилдэг цомог

"Midnights" - Тейлор Свифт

Оны шилдэг поп цомог

"Midnights" - Тейлор Свифт

Оны шилдэг клип

“I’m Only Sleeping” - "The Beatles"

Оны шилдэг поп соло үзүүлбэр

“Flowers” - Майли Сайрус

Оны шилдэг поп дуо/хамтлагийн үзүүлбэр

“Ghost in the Machine” - SZA & Фиби Бриджерс

Оны шилдэг рэп цомог

"Michael" - Killer Mike

Оны шилдэг рэп үзүүлбэр

“Scientists & Engineers”- Killer Mike ft. André 3000, Future

Оны шилдэг рэп дуу

“Scientists & Engineers”- Killer Mike ft. André 3000, Future

Оны шилдэг R&B дуу

"Snooze"- SZA

Оны шилдэг кантри цомог

"Bell Bottom Country"- Лэйни Вилсон

Оны шилдэг рок үзүүлбэр

“Not Strong Enough” - boygenius

Оны шилдэг рок дуу

“Not Strong Enough” - boygenius

Оны шилдэг рок цомог

“This Is Why” - Paramore

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх