BRIT Awards шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо
Хөгжмийн ертөнцийн шилдгүүд
Лондонд 36 дах удаагийн BRIT Awards шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Адель "Шилдэг дуучин", "Шилдэг дуу", "Шилдэг цомог" болон "Олон улсад гаргасан амжилт" зэрэг дөрвөн шагналыг хүртэж, ёслолын хамгийн их шагнал хүртсэн уран бүтээлч боллоо. Мөн тэрбээр ёслолын арга хэмжээг хааж When We Were Young дуугаа дуулсан байна.
"Шилдэг видео" шагналыг One Direction хамтлаг Drag Me Down дууны клипээрээ хүртлээ. Харин Coldplay "Шилдэг хамтлаг" шагналыг гардсан байна. Их Британийн эрэгтэй уран бүтээлчдийг Жеймс Бэй тэргүүлсэн бөгөөд тайзнаа, "Олон улсын уран бүтээлч" шагналын эзэн Жастин Биберийн хамт гарчээ. Бибер Love Yourself дуугаа дуулсан бол Жэймс аяыг нь гитар дээр тоглосон юм. Мөн гадаадын уран бүтээлчдээс дурьдвал Исландын дуучин Бъёрк, Австралийн Tame Impala xамтлаг тус тус шагнал хүртжээ.
Тусгай шагналыг Дэвид Боуи хүртсэн бөгөөд түүний найз Гари Олдман шагналыг гардаж авсан байна.
BRIT Awards шагналын баримлын дизайныг жил бүр өөр, өөр дизайнер, зураачдад даатгадаг уламжлалтай. Жишээ нь 2014 онд Филип Трейси, 2015 онд Трейси Эмин нар шагналын баримлыг урлаж байсан бол энэ жил Пэм Хогг загварыг нь гаргажээ.