BURO. ярилцлага: Хөгжмийн ертөнцөд цоо шинэ мэдрэмжийг нэмж буй @baatarfly
Сүүлийн үед Монгол залуу уран бүтээлчид өмнө хожид сонсогдож, мэдрэгдэж байгаагүй хөгжим мэдрүүлж, өөрсдийн гэсэн шинэ орон зайг бий болгож, ер нь л агаар сэлгэж байгааг хөгжим сонирхдог хүн бүхэн анзаарсан биз ээ. Тэдгээр авьяаслаг залуу үеийн төлөөлөл болсон уран бүтээлч бол продюсер @baatarfly. Батбаатар буюу @baatarfly нэрээр хөгжим хийдэг тэрээр олон төрлийн урсгалыг зоригтойгоор хольж, ямар нэгэн жанрт баригддаггүй шинэлэг, мэдрэмжтэй дуунуудаараа биднийг өөрийнхөө шүтэн бишрэгчдийн нэг болгож чадсан юм.
Продюсер @baatarfly зөвхөн Монголд уран бүтээл хийгээд зогсохгүй Москвад суурьшин Оросын нэр бүхий артистуудтай хамтран дуу хийдэг бөгөөд тэрээр Монголд түр хугацаагаар ирсэн байсан ч коронавирусын улмаас Улаанбаатар хотод "гацсан" нь бидний хувьд аз завшаан болсон гэлтэй. Энэ завшааныг тохиолдуулан бид түүнтэй уулзан хөгжим бүтээх үйл явц, цаашдын төлөвлөгөө, уран төсөөллийнх нь талаар ярилцлаа.
Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
Намайг Батбаатар гэдэг. Ибон* 25 настай. Кино зураглаачийн мэргэжилтэй, хөгжим хийдэг хүн байгаа юм.
* Ярилцлагад зочны хүсэлтээр "Би" гэдэг үгийг "Ибон" болгосон байгаа.
Анзаараад байхад сүүлийн үед хөгжмийг зөвхөн нэг жанраар тодорхойлж, хайрцаглах боломжгүй болж байгаа. Гэхдээ чамаас өөрийнхөө дуунуудыг тодорхойл гэвэл уран бүтээлээ яг ямар жанрт хамруулах вэ?
Зохиолын дуунаас бусдыг нь тодорхойлох боломжгүй. Гэхдээ зохиолын дуу хийвэл бас гоё л байх. Жанрыг уран бүтээлчид өөрсдөө тодорхойлоход нэлээд хэцүү байдаг. Өөрийнхөө жанрыг тодорхойлдог уран бүтээлчид нь дандаа том, том артистууд байдаг л даа. Ерөнхийдөө тухайн жанрыг шүүмжлэгчид эсвэл сэтгүүлчид тодорхойлоод өгчихдөг. Миний хөгжмийг "хувийн" гэж тодорхойлж болно. Ер нь хөгжмийг бүх жанраар хийхийг хичээдэг. Анх язгуур хөгжмийн хамтлагтай байсан. Дараа нь ардын хөгжмийн оркестрт тоглож байсан. Рэп ч хийдэг, beat ч хийдэг байсан. Янз бүрийн жанрт барьцалдахгүйгээр дан ганц төгөлдөр хууртай, dupstep, эрч хүчтэй эсвэл бүр техно ч юм уу янз бүрийн л хөгжим хийж байсан. Одоо бол жазз хөгжим тоглохыг маш их хүсэж жазз квартеттэй болсон байгаа.
Ямар, ямар хөгжим тоглодог вэ?
Ер нь бол хажууд нь ямар ч зэмсэг байсан хүн оролдсоор байгаад л сурчихдаг. Надтай ойрхон байсан зэмсгүүдээс дурдвал даралтат хөгжим, утсан хөгжим, гитар, шанз гээд ер нь бүгдийг нь л дарж чадна. Би дарж чадахгүй хөгжмөө хэлье. Цуур. Ибон цуурыг үлээж үзээд чадаагүй. Бөмбөр дарж чадахгүй. Гэхдээ Африк бөмбөр бол цохино. Үлээвэр хөгжмүүдээс лимбэ, индиан лимбэ үлээж чадна.
"Англи хэл гоё болохоор англи хэл дээр дуулсан дуунууд гоё сонсогддог гэж андуурдаг. Тийм биш гэдгийг баталгаажуулах нь миний зорилго."
Өмнө нь ахтайгаа хамт Араатан гэдэг хамтлагт байсан. Араатан одоо уран бүтээл хийж байгаа юу? Яагаад бие дааж уран бүтээл хийх болсон бэ?
Одоо ч гэсэн байгаа. Одоо уран бүтээл хийж байгаа. Араатан болон бусад уран бүтээлчидтэй хамтрахаас гадна өөрийн хиймээр байдаг зүйлс байдаг болохоор бие дааж уран бүтээл хийхээр шийдсэн.
Чи кино зураглаачаар сурсан гэж дээр хэлсэн. Хаана сурсан бэ?
Кино урлагийн дээд сургууль. Сургууль бол урам хугалсан. Миний бодлоор ибон сайн сургуульд орсон бол кино зураглаачаар төгсөөд одоо кино зураглаач болчихсон явж байгаа. Аль оюутан байхдаа хоёрдугаар семестрээсээ киногоо бүр орхичихсон. Гэхдээ тухайн үеийн мэдлэг, мэдээллүүд надад одоо маш их тус болдог. Зураг дарж, өөртөө бичлэг хийлгэхэд ямар нэгэн санааг яаж гаргах тал дээр маш их хэрэг болдог.
Анх хэрхэн хөгжим сонирхох болсон бэ?
Анх долоон настай байхдаа зуслан явах үед манай авга эгч надад FM төхөөрөмж бэлэглэж байсан. Тухайн үед чихэвчээрээ сонсоод л надад их таатай санагдаж байсан. Эрхийг нь эзэмшдэг өөрийн бүтээлтэй болохын тулд миний мөнгө хүрээгүй. Тэгээд л ибон өөрөө хийж эхэлсэн. Надад ая хэрэг болоод худалдаж авах, хүнээр хийлгэх боломжгүй байсан тул өөрөө хийдэг болсон.
Дууг чинь сонсож байх үед үг, аяны сонголтууд нь их сонирхолтой санагддаг л даа. Ер нь хөгжим хийх урам зоригоо юунаас авдаг вэ?
Надад фонетик гэдэг зүйл маш таалагддаг. Ибон ер нь үгээ сонгохдоо хамгийн түрүүнд тухайн үгийг хэрхэн сонсогдохыг бодоод дараа нь утгыг нь боддог. Жишээ нь Монгол хэл надад хамгийн их таалагддаг. Монгол хэлэнд "г" үсгийг маш олон янзаар дууддаг. Монгол хэлэнд "ө", "ү" үсэг байдаг нь маш гоё. Хэрэглэхэд уян. Зарим хүмүүс гадаад кино, клип ч юм уу үзээд орчин нь гоё болохоор кино нь клип нь гоё харагдаад байгаа гэдэг. Үүнтэй адил гадаад хөгжим сонсонгуутаа Англи хэл гоё болохоор англи хэл дээр дуулсан дуунууд гоё сонсогддог гэж андуурдаг. Тийм биш. Тийм биш гэдгийг баталгаажуулах нь миний зорилго.
Монгол хэлнээс инспирэйшн авдаг гэж хэлж болох уу.
Тийм. Үгийн хувьд бол урам зоригоо Монгол хэлнээс авдаг. Хөгжмийг хамгийн түрүүнд чимээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ энэ хорвоод юу ч байхгүй, хөгжим гэж байхгүй, хэн ч юу ч зохиогоогүй гэж төсөөлөөд, энэ ертөнцөд чимээ гаргавал ямар чимээ намайг хөдөлгөх вэ гэж бодон хөгжим хийх урам зоригоо авдаг. Хөгжмийг хөгжим гэж хүлээж авах шаардлагагүй. Хөгжмийг чимээ гэж ибон хүлээж авдаг. Жишээ нь устай түмпэн шанага руу ямар нэг зүйл шидэхэд жаахан хөөрхөн дуу гардаг даа. Үүнийг сонсоход нэг тийм хөөрхөн мэдрэмж авдаг. Хаалга хавиран дуугарахад нэг тийм зовиуртай мэдрэмж төрүүлдэг. Үүнтэй адил чимээг өөрөө үүсгээд, зөв байрлуулахад л хангалттай. Ибон ер нь инээдэмтэй юманд дуртай...
Жишээ нь?
Жишээ өгөхөд жоохон хэцүүхэн л юм. Гэхдээ хийж байгаа зүйл маань миний инээдийг хүргэж байвал тэрийг хадгалдаг.
Дууны талаар ярьж байна уу?
Тийм. Нэг гоё санаа төрөхөд, ямар нэгэн асуудал дээр гоё шийдэл олонгуут инээд хүрдэг дээ. Яг тийм л мэдрэмж төрдөг.
Дуу зохиох үйл явцаасаа хуваалцвал...
Ажлын зарчмын үйл явцын хувьд бол хамгийн түрүүнд хурдаа сонгодог. Минутад хэр хурдтай, хэдэн цохилт цохих вэ гэх зарчмаар хурдаа сонгоно. Хурдаа сонгосны дараа ихэвчлэн хэмжээгээ хийнэ. Бөмбөрөө цохино. Ер нь бол сүмийн хөгжимчид сүмээр явж орган тоглодог байсан. Орган тоглохдоо тэд groovebox гэдэг хэмжээ өгдөг хайрцагнууд авч явдаг байсан. Яахав цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь хөгжөөд явсан. Тэрэнтэй адилхан өөртөө хэмжээгээ (beat) өгчихдөг. Хэмжээгээ өгөнгүүтээ дараа нь гармоноо (harmony) сонгоно. Одоо кордуудын дэс дарааллыг буюу cord progression сонгоно. Үүнийгээ base-ээсээ эхэлдэг. Beat, base, хоолойн аялгуу орж ирээд л болоо. Үгээ явцдаа зохиодог. Үг ер нь маш их чиглүүлдэг. Аялгуу үгийг гаргаж өгдөг. Хөгжим хийх явцад гар завгүй, харин ам завтай болохоор ямар нэгэн зүйл аялаад л байж байдаг.
Чи студитэй юу?
Одоогоор надад студитэй байх шаардлагагүй байгаа. Богцондоо laptop-той, халаасандаа дэвтэртэй. Мэдээж хэрэг сууж ажилладаг газар бол бий. Зуслангийн байшинд спикер, хөгжмийн зэмсгүүдээ өрж тавиад гоё ажлын орчин бүрдүүлсэн байгаа.
Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
Хэлж болох юм болов уу. Би нэг дууныхаа дахилтыг хийгээд өгөөч гээд нэг хүнд өгчихсөн байгаа. Тэр хүн үзнэ гэсэн. Үзээд болох үгүйг нь би мэдэхгүй байгаа болохоор хэлж болох үгүйг нь сайн мэдэхгүй байна. Нэг гунигтай дуу хийж байгаа. Хайр дурлалын тухай дуу. Ибон чойрж явж байгаад баарны текен дээр нэг охинд дурласан тухай дуу. Аймаар гунигтай мөртлөө гоё дуу хийж байгаа.
Тэгээд тэр охин яасан бэ, та хоёр юу болсон бэ?
Одоохондоо намайг тоогоогүй байгаа. Ибон зүгээр түүнийг мөрөөдөөд л байж байгаа. Түүнийг текен дээр байхад нь би хараад дотроо "Битгий над руу хараасай" гэж бодсон. Яг үнэндээ тэр охин бодит амьдрал дээр байдаггүй. Тэр бол цэвэр миний төсөөлөл.
Чиний уран сэтгэмж юм уу?
Тийм. Ер нь бүх уран бүтээлч уран бүтээлийн тал дээр ингэж хандахад гэмгүй. Ибон жишээ нь ямар нэгэн үйл явдлыг төсөөлөөд бичсэн байхад хүмүүс тэрийг шууд утгаар ойлгож аваад байдаг. Дараа нь хар тамхитай тэмцэх газраас залгаж яриад, цагдаа нар барих гээд л, дууг хорих гээд байдаг. Ийм муухай үйлдлүүд гардаг. Энэ бол төсөөлөл, бодит амьдралаас огт өөр гэдгийг ойлгох хэрэгтэй.
Зүгээр л чиний толгойдоо ургуулж бодсон зүйлс биз дээ?
Тийм. Ибон өөрийнхөө толгойд байгаа зүйлийг гаргаж үзүүлэх үүрэгтэй.
" Цаашид Америк руу нүүгээд тэндхийн хөгжмийн ертөнц дотор нь далайн морио унаад л сэлж байя гэсэн төлөвлөгөөтэй байна даа."
Ирээдүйд цомог гаргая гэж бодож байна уу?
Өөрийнхөө цомгийг гаргах сонирхолтой байгаа. Гэхдээ маш их ажиллагаатай, үйл явц нь их хэцүү. Яагаад гэвэл ибон цомгоо 1/5 дуугаралтаар хийх сэдэлтэй. Энэ нь урдаа гурван спикер, хойноо хоёр спикер, сабвуфертэй, home кино театр эсвэл Youtube-ээс дуугаа тавихад нэг дуугаралт миний хойно үүссэнээ, зүүн тийшээ шилжиж болно. Зүүнээс урагшаа шилжиж болно. Зөвхөн стерео биш дуугаралт, бүх талаараа сонсогдох боломжтой. Олон дуугаралт хоорондоо харилцаатай байх боломжтой. Үүнийг хийхэд жоохон хэцүү. Яг одоогийн байдлаар ибон дөрвөн дуутай EP цомог гаргах боломжтой байгаа. Үүнийг хийхэд бол амархан. Гэхдээ ер нь цомог хийж гаргаад ч яахав дээ л гэж бодож байна. Учир нь Монголд цахимаар хөгжим худалдаж авах боломжтой 100,000 л хүн байдаг. Тэр 100,000-аас намайг сонсох нь яахав 1,000 байж болно. Худалдаж авах нь 100 хүрэх үү, үгүй юу. Тэдгээр 100 хүн, за 100 ч хүрэхгүй, 50 хүн цомог авлаа гэхэд 500,000 төгрөгтэй л болно биз. Ингэж байхаар би тэр дуунуудаа өөр аргаар нийтэлсэн нь дээр гэж боддог.
SoundCloud, Youtube, Instagram зэрэг тавцангуудаар уу?
Ибон SoundCloud, Youtube дээр суваг нээхгүй. Бүх анхаарал миний Instagram хуудас дээр төвлөрдөг. Сонсогчдоо нэг бол SoundCloud, нэг бол Youtube гээд явж байхаар бүгд нэг газар цугларч байсан нь дээр. Надад Instagram, iTunes хоёр л байна.
Ирээдүйн төлөвлөгөөнөөсөө ярьж болох уу?
Коронавирусыг эс тооцвол уу? Одоогоор ибон Москвад ахтайгаа хамт Оросын артистуудтай хамтран ажиллаж байгаа. Үүнээс гадна Европтой ойрхон болохоор тэндхийн хүмүүстэй харилцаа холбоотой байгаа. Тэгээд цаашид Америк руу нүүгээд тэндхийн хөгжмийн ертөнц дотор нь далайн морио унаад л сэлж байя гэсэн төлөвлөгөөтэй байна даа. Төлөвлөгөө гэдэг нь ибон энэ төлөвлөгөөнийхөө дагуу л явах ёстой гэсэн үг тийм үү? Онолын хувьд бол чадна л даа. Гэхдээ амьдрал бас яаж эргэхнэв тийм ээ?
Хэрэв хэлж болох бол Оросын ямар, ямар уран бүтээлчидтэй хамтарч байгаа вэ?
Серебро хамтлагийн Катерина, Хаски, Масло Черного Тмина гэх мэтчилэн артистууд байгаа. Хамт дуу хийж, дууг нь продюсерлож байгаа. Мөн Ибон өмнө нь дуугаа продюсерлохдоо өөрийнхөө хоолойг ард нь ч юм уу, ямар нэгэн байдлаар оруулдаг байсан бол одоо @baatarfly гэдэг нэрээрээ нэгэн Орос артисттай feat. хийж байгаа. Гэхдээ хэн гэдгийг нь хэлэхгүй.
Миний дуунуудын дараалал ийм байгаа: Ибон Монголд ирээд карантин эхэлснээс хойш "Уур савсaна"-ыг хамгийн түрүүн хийсэн. Энэрлийн студиэр шагайгаад ямар дуу хиймээр байна гэхэд дөрөвний гурав (3/4) гэсэн хэмжээтэй дуу хиймээр байна гэхээр нь beat өрсөн юм. Хөгжим хийх сонирхолтой залууст хөгжим хийдэг арга барил маань сонирхолтой санагдаж, арга барилаа дамжуулж магадгүй. Уур савсана дээр Энэрэлийн хэлсэн хэмжээгээр нь ийм beat тавьсан:
Тэр студи дээр нь буланд нэг тоосонд дарагдсан гитар байсныг аваад сайн тоосыг нь арчаад, залгаад мэдээж хэрэг хөглөж аваад, бусад юмыг нь тоглосон юм. Гитар дээрээ base-ээ тоглоод, өнгийг нь нэг октаваар доошлуулсан. Гитарын солотой хэсэг байгаа. Энэ хэсэгт ибон аймаар дуртай. Яагаад гэвэл нулимсыг илэрхийлсэн гитарын тремоло явж байгаа. Дээр нь явж байгаа соло нь нулимс асгаруулж байгаа тэр мэдрэмж нь. Тухайн үед pipe (гуурс) байгаагүй болохоор хуруу зай аваад хуруу зайгаар Хавай соло дарсан. Дуусангуут нь Энэрлийг гараад явчихсан байх хооронд нь дэмий байж байхаар гээд Энэрлийнхээ үгнээс "Чи маруужингаа ямар гоё иддэг юм бэ", "Хоолой нь өвдөх вий дээ" гэсэн үг аваад хоолойг бичсэн. Энэрэл орж ирээд өөрийнхөө бадгийг бичээд, сонсоод бүгдийг нь ээлж, ээлжээр нь нээгээд үзсэн чинь аймаар гоё санагдахаар нь маргааш нь шууд цацсан.
Чи хөгжмийн чиглэлээр сурсан уу?
Морин хуурын ангид нэг жил оролдож үзсэн. Тухайн үед жилийнхээ программыг хагас жилийн дотор сурчихсан, морин хуураар аймаар гоё тоглодог байсан. Морин хуур маш гоё хөгжим. Мөн миний хамгийн дуртай хөгжмийн зэмсгүүдээс морин хуур, дудук хоёр миний бодлоор дэлхийн шилдэг зэмсэг.
Хятад руу явах автобусны замд Алтан Ургийн багш Алтантуг гэдэг хүнтэй таарсан. Тэр хүнтэй ярилцаж байгаад салаад явсан. Ибон нэг урлагийн сургуульд орох гэж байсан чинь намайг "чи чадах юм уу", "чи амжих уу", "чи барах уу" гээд басаад байсан нь надад таалагдаагүй. Тэгээд тэндээсээ гараад хайчих вэ гэж бодож байгаад нөгөө Алтантуг багш руу залгаад шууд түүн дээр очоод сурсан. Мөн төгөлдөр хуур сурах гээд нэг багш дээр очсон чинь би ингэж хувцасладаг хүүхдэд төгөлдөр хуур заахгүй гэж байсан. Тухайн үедээ ибон (өсвөр насандаа) том хувцас, алтан пүүз өмсөг байсан. Би тэндээсээ гарч яваад л буцаж очоогүй. Харин хөгжмийн боловсролын хувьд бол би одоог хүртэл эзэмшиж байгаа. Маш хэцүү юм байна лээ. Хөгжмийн боловсролтой байх шаардлагатай. Энэ мэргэжилд мэдэхээс өөр аргагүй болж байгаа. Ибон хөгжмийн боловсролоо өөрөө эзэмшиж байгаа гэдгээсээ ичдэггүй, бас бахархдаггүй. Энэ бол зүгээр л байдаг зүйл. Хөгжим дарангуутаа би хөгжмийн боловсролгүй гэдгээрээ онгирдог, бахархдаг нэлээд олон хүн Улаанбаатарт харсан. Би боловсролгүй мөртлөө хийж байна гэдэг. Миний бодлоор боловсролгүй байх тэнэг ээ. Харилцахад аймаар хэцүү байдаг. Боловсрол бол хүнийг, уран бүтээлчийг хайрцагладаг зүйл биш. Боловсрол бол багаж.
168, 290, Энэрэл зэрэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад ямар байсан бэ?
Би түрүүн "Уур Савсана"-ыг тайлбарласан шиг "Хөнгөн"-ийг тайлбарлаж болох уу?
Мэдээж
"Хөнгөн"-ийг ингэж хийсэн байгаа юм.
Үүнийг би Instagram дээр зүгээр visual талаас нь пост болгож хийсэн юм. Тэгсэн Cozy гэдэг залуу "Наадхыг чинь дуу болгоё" гэсээр байсан. Ингээд би төслөө, өөрийнхөө laptop-ыг өгөөд "OK, хийе" гэсэн. Ингээд Cozy хийж эхлэнгүүт нь мэдээж хэрэг ибон яаж зүгээр байхав хэдэн үг бичсэн. Үг бичих энэ аргыг би 168-аас харсан. 168 үг бичихдээ нэг мөрөндөө хоёр үгээр үг бичиж байсан. Тэгээд л ибон тухайн үед тэрийг нь санаад хоёр, хоёр үгээр найман мөр бичээд, хоолойгоо оруулаад л гитарынхаа солог хийгээд л болсон юм даа. Надад фонетик таалагддаг болохоор Англи хэл дээр хийсэн дуунуудын hook-үүд байдаг. Жишээлбэл дахилтад нь love, baby гэсэн үгс ордог доо. Тийм үгнүүдтэй адилхан Монгол үг хийсэн. "Бие биений голд" гэдэг нь Монгол хэл мэдэхгүй хүн сонсоход "baby need gold" гэж байгаа юм шиг сонсогдож байгаа.
"Хөнгөн" дууны ард цахилгаан гитар сонсогдож байна гэж бодож байсан чиний хоолой гэсэн?
Тухайн үед гитар байгаагүй болохоор микрофоноо залгаад л амаараа шийдчихсэн.
Ер нь өөр Монгол уран бүтээлчдээс өөр хэнтэй хамтарч ажиллаж үзэхийг хүсдэг вэ?
Сарантуяа, Ариунаа, BX, Жанцанноров, Нисванис. "Олд скулудтэй" л хамтарч ажиллахыг хүсэж байгаа.
Гадны уран бүтээлчдээс хэнийг сонсож байна?
Ибон ер нь хөгжим сонсдоггүй. Гадны уран бүтээлчдээс гэхдээ дуртай артистууд мэдээж байгаа. Стив Райх гээд хөгжмийн зохиолч байгаа. Түүнийг сонсож үзэх хэрэгтэй. Сүүлийн 100 жилийн дотор урлагт ямар нэгэн шинэчлэлт авчирсан хүнийг шагнадаг, урлагийн салбарыг дэмждэг сангууд байдаг. Тэдгээр сангуудыг судлаад үзэхэд гоё, гоё хүмүүс зөндөө бий. Стив Райх бол дэлхийн хөгжимд маш олон зүйлийг хийсэн. Бас Жон Кэйж, Арнольд Шонберг гэдэг хүмүүс байна.
Ок. Тэгвэл хэрвээ хөгжмийн карьер сонгоогүй байсан бол юу хийх байсан бэ?
Юу ч биш. Ибон мэргэжилдээ хайртай!
Хэрвээ одоо коронавирусын эсрэг вакцин гараад дэлхий даяар бүх зүйл хэвийн болбол чи хамгийн түрүүнд юу хийх вэ?
Ибон хамгийн түрүүнд Москва руу буцна. Ибон тэнд амьдарч байгаад энд визээ сунгуулах гэж ирсэн чинь хил хаагдсан. Тэнд амьдрахад арай үнэтэй боловч ажил хийхэд хамаагүй сонирхолтой бас тохиромжтой. Москвад жил гаран амьдарсан. Ах бид хоёр тэнд Gangan нэртэй продакшнтай. Энэ нэрийг Москвагийн уран бүтээлчдийн дунд хөгжүүлж, хүмүүс мэддэг болгосон байгаа. Тэнд харин студитэй.
Тэгвэл уран бүтээлчийн хувьд Улаанбаатар ямар байдаг вэ?
Байршил олох тал дээр хэцүү байгаа. Ибон дуулахдаа янз бүрийн зүйл туршиж үзэх гээд сонин, сонин дуу авиа гаргаад байдаг. Хөршүүдээ яг галзуурсан юм шиг санагдуулаад байгаа нь сэтгэлд аймаар сэвтэй санагдаад жоохон биеэ бариад байдаг. Уран бүтээл хийхэд Улаанбаатар тун тохиромжтой газар. Маш сонирхолтой. Нэг гудмаар 150 м зайд алхахад аймар том мизансцен (тайзан дээрх жүжигчдийн байрлал) тавьсан юм шиг санагддаг. Нэг take-ээр камераар маш удаан явдаг кинонууд байдаг даа. Тайз засалт нь байж байдаг. Тал бүрт нь маш сонирхолтой үйл явдлууд өрнөж байдаг. Монгол яг тийм. Тэнд нэг хоёр бачка барилдаж байна. Цаашаа явахад тэнд нэг хүүхэд шээж байна. Нарантуул, Долоон буудал шиг газрууд үнэхээр гоё. Амьдрал яг харагддаг. Бодит амьдрал улаан цайм илэрдэг. Улаанбаатар уг нь аймаар гоё боломжтой газар шд. Ибон Улаанбаатарт хайртай. Ибон Монголд хайртай.
Чамайг юу аз жаргалтай болгодог вэ?
Намайг манай дүү нар аз жаргалтай болгодог. Манай нэг дүү өнөөдөр 18 нас хүрч байгаа. Манай эмэгтэй дүү 12-той. Дахиад нэг эрэгтэй дүү 19-тэй. Ибон төрсөн нэг ахтай. Гэхдээ мэдрэмж, харилцааны хувьд бол төрсөн эсэх нь чухал биш. Ибон дүү нартаа аймаар хайртай. Манай дүү нар аймаар хөөрхөн. Дүү нар байхгүй бол баяр утгагүй байдаг. Дүү нар байхад баяр яг л баяр шиг болдог. Ибон одоо төрсөн өдөрт нь явлаа. Манай дүүгийн төрсөн өдөр өнөөдөр болж байгаа юм. Бүгдэд нь хайрыг хүсье! @baatarfly байлаа.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт