Хайх

Грэмми 2017: Хамгийн их шуугиан тарьсан үйл явдлууд

Грэмми 2017: Хамгийн их шуугиан тарьсан үйл явдлууд

59 дэх удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Энэ жилийн Грэммигийн эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудаар Адель Бейонсед өөрийн шагналаа зориулж, Жорж Майклд зориулсан хүндэтгэлийн дуугаа дахин эхлүүлж, лейбелгүй, бие даасан уран бүтээлч Chance the Rapper хувьсал хийсэн мөчүүд тодорлоо

Дуучин Аделийн шуугиан

Адель өөрийн "25" цомгоороо Грэмми 2017 наадмын хамгийн гол хоёр шагнал болох "Оны шилдэг цомог" ба "Оны шилдэг бичлэг" гэсэн хоёр том шагналыг хүртсэн. Гэвч тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг дуучин Бейонсе хүртэх ёстой байсан гэж үзлээ. Адель "Би маш их талархаж байна гэхдээ энэ шагналыг үнэхээр авч чадахгүй. Lemonade цомог маш гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн цомог болсон. Бид чиний хүмүүст харуулаад байдаггүй, тэр дүр төрхийг чинь олж харсан. Чи намайг болон миний өнгөт арьст найзуудыг өөрсдийнхөө төлөө тэмцэхийг уриалдаг. Бүх уран бүтээлчид чамд хайртай. Би чамд хайртай. Үргэлж хайрлаж ирсэн" хэмээн уйлан ярьсан юм.

Грэмми 2017: Хамгийн их шуугиан тарьсан үйл явдлууд (фото 1)

Адель Грэмми 2017 шагнал гардуулах ёслолын тайзнаа өнгөрсөн арванхоёрдугаар сард таалал төгссөн домогт дуучин Жорж Майклыг хүндэтгэж түүний "Fastlove" дууг шууд нэвтрүүлгээр дуулж байсан ч алдаа гарсны улмаас зохион байгуулагчдаас дахин эхлүүлэхийг хүссэн байна. Тэрээр "Намайг уучлаарай. Би түүнд (Жорж Майкл) зориулсан энэ тоглолтыг баллаж чадахгүй нь. Дахиад эхэлж болох уу?" гэж хэлэхэд танхимд сууж байсан үзэгчид, уран бүтээлчид бүгд түүнийг дэмжсэн юм.

Chance the Rapper түүх бүтээлээ

Одоо дөнгөж 23 настай Чикаго хотоос гаралтай залуу рэппер Chance the Rapper зөвхөн "Coloring Book" нэртэй стриминг цомгоороо Грэммид анх удаа нэр дэвшсэн ба "Шилдэг рэп цомог", "Шилдэг шинэ уран бүтээлч" гэх хоёр шагналыг хүртэж шуугиан тариад байна. Учир нь Chance the Rapper ямар нэг хөгжмийн лейбел компанид харьяалагддаггүй, Грэммигийн шилдэг цомгийн шагнал хүртсэн анхны уран бүтээлч болж байгаа юм. Тэрээр "Coloring Book" гэх энэхүү микстейп цомгоо хөгжим түрээсийн үйлчилгээ болон бусад тавцангуудаар үнэгүй цацсан билээ.

Грэмми 2017: Хамгийн их шуугиан тарьсан үйл явдлууд (фото 2)

Бейонсегийн сэтгэл хөдөлгөм үзүүлбэр

Ихэр хүүхэд тээж байгаа дуучин Бейонсе 59 дэх удаагийн Грэммигийн тайзнаа бас нэгэн гайхалтай үзүүлбэрийг үзүүллээ. Тэрээр өөрийн "Lemonade" цомогт багтсан "Love Drought" ба "Sandcastles" гэдэг хоёр дуугаа дүрсний эффекттэй хослуулсан гайхамшигтай тоглолтоор биднийг баярлууллаа. Дуучин бүсгүй энэ үдэш "Lemonade" цомгоороо нийт есөн шагналд нэр дэвшсэнээс "Шилдэг видео клип" ("Formation") ба "Шилдэг контемпорари цомог" гэсэн хоёр шагналын эзэн болсон юм. 

A Tribe Called Quest-ын улс төрийн тунхаглал

A Tribe Called Quest хамтлаг энэ үдэш хамгийн улс төрийн утга агуулгатай тоглолтыг хийж чадлаа. Тэд тайзнаа Андерсон Пак ба Busta Rhymes нартай хамт тайзан дээр гарч "We Got It From Here... Thank You 4 Your Service" цомогт багтсан "Movin Backwards" ба "We the People" гэдэг хоёр дуугаа дуулсан юм. Busta Rhymes ерөнхийлөгч Дональд Трампын исламын шашинтай улсуудын эсрэг тавьсан хоригийг эсэргүүцсэн үг хэллээ. Мөн тайзан дээр тэдэнтэй хамт олон үндэстний хүмүүс гарч ирж, өөрсдийн эсэргүүцлийг илэрхийлсэн байна. 

цааш үзэх