Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Luna
“Мальчик, ты снег”
Хуучны Зөвлөлтийн орнуудаас шинэ, сонирхолтой уран бүтээлч төрөн гарах нь маш ховор тохиолдол. Тэгэхдээ яг ийм цөөн хэдэн уран бүтээлчийн нэг бол яах аргагүй Украины залуу дуучин Кристина Бардаш буюу Luna юм. Сүүлийн хэдэн сард Luna-гийн гаргасан "Мальчик, ты снег", "Лютики", "Расстояние" зэрэг синглүүд нь маш алдартай болж байгаа. Түүний уран бүтээлийн хэв маяг сүүлийн үед эргэн моодонд ороод байгаа 1990-ээд оныг эргэн санагдуулна. Жишээ нь яг л VHS кассетны юм шиг бичлэгтэй видео клипнүүд болон дууны нэрнүүдийг нь аваад үзэх хэрэгтэй. Яг л өсвөр насныхны хайрын тухай өгүүлэх тэдгээр дууны нэрнүүд үнэхээр романтик болсон байна. Сонсоод үзэцгээе.
Luna-гийн дуунуудыг эхлээд сонсоход түүний уран бүтээл бүхэлдээ маш сайтар төлөвлөсөн мэт санагдлаа. Дууны үг ба ая нь клипний дүрслэлд үнэхээр тохирсон, яг л 1990-2000-аад оны мөн чанарыг шингээжээ. Түүний дуунууд тэр үед өссөн хүүхдүүдийн эргэн дурсдаг сайхан зүйлсүүдийн дүр зургийг харагдуулна. Хайр дурлалын сэдэвтэй, Лика Стар ба Линда нарын уран бүтээлийг санагдуулам поп дуунууд нь дурсамж сэдрээж байлаа. Энэ хооронд Luna "Магниты" нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, Орос, Украинд асар олон шүтэн бишрэгчтэй болж, iTunes-ийн шилдэг 20 жагсаалтанд багтаж тэр ч бүү хэл, загварын сэтгүүлүүд хүртэл түүнийг онцолж байна.