64 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо
Коронавирусын “Омикрон” хувилбарын улмаас
Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Грэмми шагнал гардуулах ёслолыг коронавирусын “Омикрон” хувилбарын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. АНУ-ын дуу бичлэгийн академи энэ тухай албан ёсны вебсайтаараа дамжуулан мэдээллэсэн байна. 64 дэх удаагийн Грэмми ёслол энэ сарын 31-ны өдөр Лос-Анжелес хотын Crypto.com цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар товлогдсон байсан билээ.
“Омикрон хувилбарын тархалттай холбоотой тодорхойгүй байдал үүссэн энэ үед нэгдүгээр сарын 31-нд ёслолыг зохион байгуулах нь маш их эрсдэл дагуулах болно. Манай хөгжмийн нийгэмлэгийн гишүүд, зочид, мөн ёслолыг бэлтгэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж буй олон зуун хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь бидний эн тэргүүнд авч үзэх асуудал хэвээр билээ” хэмээн зохион байгуулагчид албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.
Variety сэтгүүлийн мэдээллэж буйгаар Грэмми ёслолыг энэ оны дөрөв эсвэл тавдугаар сард зохион байгуулах магадлалтай байгаа юм. Эх сурвалжийн мэдэгдсэний дагуу ёслолын зохион байгуулагчид тэр үед үзэгчдийг урьж бүрэн хэмжээний ёслол зохион байгуулахаар найдаж байгаа гэнэ.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Грэмми шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорсон бөгөөд дуучин Жон Батист нийт 11 удаа нэр дэвшсэнээр энэ жилийн хамгийн их төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчээр тодорсон юм. Нэр дэвшигчдийн бүрэн жагсаалттай энд дарж танилцана уу.