Америкийн кино академи Оскарын наадмын гол шагналд өрсөлдөх бүтээлүүдэд шинэ шаардлага тавина
Ялгаварлалтыг багасгах зорилгоор
Америкийн кино академи Оскарын наадмын "Шилдэг кино" төрөлд нэр дэвших бүтээлүүдэд хэд, хэдэн шинэ шаардлага тавихаа мэдэгдлээ. Тодруулбал тухайн киноны бүх туслах дүрийн 30% нь олон үндэстэн ястан болон ЛГБТ нийгэмлэгийн төлөөлөгчид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс бүрдэх ёстой гэсэн заалтууд орсон байна. Эдгээр шаардлагууд зөвхөн жүжигчид төдийгүй кино бүтээхэд гар бие оролцож буй уран бүтээлчид, ажилтнуудын сонголтод ч хамааралтай юм. Мөн тухайн киноны зохиол, сэдэв нь ямар нэг байдлаар нийгмийн цөөнх болсон дээрх хүмүүс дээр төвлөрсөн байх ёстой гэнэ.
Оскарын наадмын гол шагналд өрсөлдөх гэж буй бүтээлүүд дээрх шаардлагуудаас хамгийн багадаа хоёрыг нь заавал биелүүлэх ёстой гэжээ. Энэхүү шинэ дүрэм нь ялгаварлан гадуурхалтыг багасгаж, тэгш байдлыг дэмжих зорилготой гэж наадмын зохион байгуулагчид онцолсон юм.
Шинэ журам 2024 оноос хэрэгжиж эхлэх болно.