Хайх

Домогт кино найруулагч Мартин Скорсезе Marvel-ын бүтээлүүдийг \"кино биш\" гэв

Домогт кино найруулагч Мартин Скорсезе Marvel-ын бүтээлүүдийг "кино биш" гэв

Мөн түүний мэдэгдэлд Marvel-ын кинонуудыг бүтээсэн найруулагчид хариу өглөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн алдарт кино найруулагч Мартин Скорсезе Marvel студийн бүтээсэн кинонуудын талаар ямар бодолтой явдгаа Empire сэтгүүлд ярьжээ. Тэрбээр "Би үзэх гэж хичээсэн. Гэхдээ энэ кино биш. Яаж ч сайн бүтээгдсэн байсан, тухайн нөхцөл байдалд жүжигчид яаж ч сайн жүжиглэх гэж хичээсэн Marvel-ын бүтээлүүд сэдэвчилсэн парктай л дөхөж очно. Сэтгэл хөдлөл болон сэтгэл зүйн мэдрэмжээ бусдад илэрхийлдэг кино бол биш" хэмээн хэлжээ.

Тэгвэл зарим нэг кино найруулагчид Скорзезегийн мэдэгдэлд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хариу өгчээ. Жишээ нь "The Guardians of the Galaxy" киноны найруулагч Жеймс Ганн "Мартин Скорсезе бол миний хамгийн дуртай таван найруулагчийн нэг. Хүмүүс түүний бүтээсэн 'The Last Temptation of Christ' (1988) киног үзээгүй байж, эсэргүүцэн жагсаж байхыг хараад миний дургүй хүрч байсан. Харин одоо тэр өөрөө миний бүтээсэн кинонуудыг үзээгүй байж ингэж дүгнэж байгаад үнэхээр их харамсаж байна. Гэсэн хэдий ч би Скорзезег үргэлж хайрлаж, хүндэлж, түүний кино урлагийн салбарт оруулсан хувь нэмэрт нь талархах болно. Бас би түүний бүтээсэн 'The Irishman' киног үзэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Twitter хуудастаа бичжээ.

Мөн "The Avengers" ба "Avengers: Age of Ultron" кинонуудыг бүтээсэн Жосс Уидон Скорзезегийн мэдэгдэлд "Би хамгийн түрүүнд 'Guardians of The Galaxy-д сэтгэл зүрхээ зориулсан Жеймс Ганныг л бодсон. Би Мартиныг биширдэг. Бас түүний үзэл бодлыг ойлгож байна. Гэхдээ... Би үргэлж уур уцаартай байдаг нь шалтгаантай" хэмээн хэлжээ.

Түүнчлэн Marvel студийн бас нэгэн супер баатрын тухай өгүүлэх "Doctor Strange" киног бүтээсэн Роберт Каргилл "Скотт Дерриксон бид хоёр 'Doctor Strange'-ыг бүтээж байхад Marvel-аас бидэнд дүрийг илүү гүн гүнзгий, зохиолыг илүү хүчирхэг, киног илүү хачирхалтай болгохыг анхааруулж байсан. Тиймээс Marvel-ыг зөвхөн сэдэвчилсэн парк хийж байна гэж бодож байгаа хэн бүхэн үнэхээр шударга бус бас увайгүй хандаж байгаа хэрэг" гэжээ.

цааш үзэх