Хайх

Карин Ройтфельд, Кендалл Женнер нар дуучин Фергигийн стилистээр ажиллалаа

Карин Ройтфельд, Кендалл Женнер нар дуучин Фергигийн стилистээр ажиллалаа

Ферги шинэ цомгийнхоо хүрээнд стилистийн баг бүрдүүлжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

2017 оны есдүгээр сарын 21-нд WWD вебсайт дээр "With the Help of Carine Roitfeld, Fergie Returns to the Spotlight" (Карин Ройтфельдийн тусламжтайгаар Ферги анхаарлын төвд эргэн ирж байна) гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Тус вебсайтын мэдээллэснээр дуучин Ферги "Double Dutchess" нэртэй шинэ цомогтоо багтсан дуу, видео клип бүрийг илүү загварлаг болгохын тулд бүхэл бүтэн стилистийн баг бүрдүүлсэн байна. Түүний энэхүү зөвлөх багт Карин Ройтфельд, алдарт гэрэл зурагчид Мерт ба Маркус нар, Miu Miu ба Versace брэндүүдийн сурталчилгаа хариуцсан бүтээлч захирал Жованни Бьянко, загвар өмсөгч Кендалл Женнер, Шведийн найруулагч Юнас Окерлунд нар багтжээ.

"Надад ийм мөрөөдлийн багтай ажиллах боломж гарч ирсэнд би маш их баяртай байна. Би өөрийгөө үнэхээр азтайд тооцож байгаа" гэж Ферги ярилаа.

Мөн тэрээр өөрийнхөө илүү зөөлөн, мэдрэмтгий зан чанарыг харуулах зорилгоор Карин Ройтфельдэд хандсан гэдгээ WWD сэтгүүл онцолсон юм.

Дуучин Ферги Карин Ройтфельдийг 10 жилийн өмнөөс таньдаг байсан боловч алдарт редактортой анх удаа л хамтарч ажиллаж байгаа аж. "Тэр бол домог. Тэр юу хүсч буйгаа маш сайн мэддэг. Карин жижиг деталиудад анхаарал хандуулж чаддаг нь надад их таалагддаг. Бас тэр үнэхээр мэдрэмжтэй. Би өөрийнхөө стилийг шинэ түвшинд хүргэхийн тулд түүн шиг хүмүүсээс суралцахыг хүсдэг" гэж дуучин бүсгүй хуваалцжээ.

Карин Ройтфельд Фергид өөрийн Gianvitto Rossi брэндийн урт түрийтэй гутлаа өгсөн гэнэ. Ферги энэ тухай ярихдаа "Хөлийн ард хэсэгт тэгш шугам харагдаж байх нь их чухал. Ингээд ч зогсохгүй тэр надад Брижит Бардогийн тухай ярьж, яг л Парисын загварлаг бүсгүйчүүд шиг "oui" гэж хэлэхийг заасан шүү" гэжээ.

Ферги өөрийн багийн тухайд "Энэ нь яг л хувцсаа сонгож, дүр төрх бүрдүүлэхдээ адил. Жишээ нь алдартай дизайнерын хувцсыг, олонд танигдаагүй брэндийн болон винтэж дэлгүүрийн эд зүйлстэй хослуулж, гайхалтай дүр төрх бүрдүүлэхтэй харьцуулж болно. Анх харахад энэ бүх зүйлс хоорондоо огт зохицохгүй мэт санагдах боловч эцэст нь үнэхээр сайхан харагдаж чаддаг" гэж ярьсан байна.

 

 

цааш үзэх