Хайх

Лимбэчин Б.Мягмарцэрэн \"Таван өнгө\" тоглолтын нууцыг задлалаа

Лимбэчин Б.Мягмарцэрэн "Таван өнгө" тоглолтын нууцыг задлалаа

Мөн өөрийнхөө

Text: Ж.Чинбат


Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулж үндэсний болон цахилгаан хөгжмийг хослуулсан нэгэн өвөрмөц тоглолт өнөө орой тоглогдох гэж байна. Энэ тоглолтод нийт хэдэн хөгжмийн бүтээл, хэрхэн тоглогдох талаар бидэнд лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн ярьж өглөө

"Таван өнгө" тоглолтын зар гарсан цагаас эхлэн хүмүүс "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгч Ч.Дэлгэрцэцэг болон шилдэг оролцогч Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нарыг нэг тайзан дээр тоглоно гэдгийг илүү их олзуурхан сонирхоцгоож байна. Тэд дөрөвдүгээр сарын 22, 23-нд ятга хөгжимчин Н.Отгончимэг, эвэр бүрээ хөгжимчин О.Чинбат нарын хамтаар төрөлх чуулгынхаа арван жилийн ойд зориулж үндэсний хөгжмийг орчин үеийн цахилгаан хөгжимтэй хослуулж, найруулсан өвөрмөц тоглолт хийх гэж байгаа юм.

Тоглолтыг өвөрмөц гэхээс илүү хэмнэл ихтэй, эрч хүчтэй ч гэж бас тодорхойлж болохоор байна. Учир нь тайзан дээр гурван цогц бөмбөр харагдах ба тэд хөтөлбөрт багтсан 21 бүтээлийн бараг бүгдэд нь оролцох аж. "Х.Бархүү ах бид хоёр нийт 6-7 хөгжим тоглоно. Мөн өөрсдөө нэг, нэг ая гоцлон тоглох гэж байгаа. Миний хувьд хүмүүсийн сайн мэддэг нэгэн Итали зохиол сонгосон бөгөөд лимбэдэхдээ би нэлээн удаан бүтэн амьсгаа барина. Бараг л 2-3 минут болох болов уу" гэж Б.Мягмарцэрэн хэллээ.

Лимбэчин Б.Мягмарцэрэн "Таван өнгө" тоглолтын нууцыг задлалаа (фото 1)

Лимбэчин Б.Мягмарцэрэн "Таван өнгө" тоглолтын нууцыг задлалаа (фото 2)

Тоглолтын таван өнгө болж буй гоцлол хөгжимчид төгсгөлийн хоёр үзүүлбэрт бүгд оролцох юм байна. Тэд эхлээд "Жалам хар" бүтээлийг хамтдаа тоглох бол хамгийн сүүлд нь өөр, өөрсдийн импровазацийг нэгтгэсэн чөлөөт үзүүлбэр зэхжээ. Энэ үзүүлбэрт яг юу тоглогдох, хэр удаан байх нь үзэгчдийн эмоциос бүрэн хамаарах гэнэ. Тэгэхээр тэд үнэхээр хүний сэтгэлийг оргилуулах зүйл төлөвлөсөн байгаа бололтой. Эдгээр гоцлол хөгжимчдөөс гадна тоглолтонд мөн үндэсний найрал хөгжмийн "Хангарьд" хамтлаг, FIX хамтлагууд оролцоно. 

Мөн Б.Мягмарцэрэн бидэнд хэрхэн анх "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцсон талаараа ярьж өглөө. Угтаа бол тэд анх шоуг зорьж очоогүй бөгөөд "Авьяаслаг Монголчууд" шоу өөрөө Улаанбаатар чуулгын тайзыг зорьж ирсэн билээ. Тус чуулга анх 2006 онд байгуулагдсан цагаас хойш тоглосон Х.Бархүү, 2009 онд нэгдсэн Б.Мягмарцэрэн нарыг тус шоунд оролцуулахыг Р.Мөнхсайхан санаачлан, хөгжимчдөө амралтаас нь дуудсан байна. Харин өнөөдөр бүх уран бүтээлчид сэтгэл хангалуун үлджээ. Шоу амжилттай болж, хөгжимчид шинэ өнгө төрхөөр хүмүүст танигдаж, мөн Улаанбаатар чуулга шинэхэн одуудаа нэгтгэж ойн баяраа тэмдэглэж байна. 

Лимбэчин Б.Мягмарцэрэн "Таван өнгө" тоглолтын нууцыг задлалаа (фото 3)

"Би хөдөө хонио хариулаад явж байхдаа ингээд тайзан дээр хүмүүсийн өмнө лимбэ тоглож байна гэж төсөөлж ч байгаагүй. Одоо ингээд хөгжимчин болоод хүмүүс баяр бэлэглэдэг болсноо бодоход надад хааяа сайхан санагддаг юм" хэмээн Улаанбаатар чуулгаас гадна Дэлхий хамтлагт харьяалагддаг Б.Мягмарцэрэн хэллээ. Хэрэв та түүний шинэлэг, орчин үеийн лимбэний аялгууг тайзнаас өөр газар мэдрэхийг хүсвэл Дэлхий хамтлагийн "Байгаль" цомогт багтсан Шонхор, Савдаг, Үр, Бүүвэй гэх бүтээлүүдийг сонсоорой.  

 

 

 

 

 

цааш үзэх