Хайх

Netflix Кевин Спейситэй холбоотой шуугианы улмаас “House of Cards” цувралыг цуцалж байна

Netflix Кевин Спейситэй холбоотой шуугианы улмаас “House of Cards” цувралыг цуцалж байна

Зургаадугаар улирлын дараа

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр бид Кевин Спейси жүжигчин Энтони Рэппэд бэлгийн дарамт үзүүлсэн байх магадлалтай гэх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл Netflix компани энэхүү шуугиантай холбогдуулан "House of Cards" буюу "Хөзрөн байшин" цувралын зургаадугаар улирал гарсны дараа энэхүү төслийг бүр мөсөн хаах болсныг Deadline вебсайт мэдэгдлээ. Энэ талаар "House of Cards" цувралын бүтээгчид болох Netflix, Media Rights Capital кино компаниуд хамтран албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "Кевин Спейситэй холбоотой мэдээлэл бидний санааг маш их зовоож байна. Өнгөрсөн шөнө цацагдсан мэдээний дагуу манай удирдлагууд жүжигчид ба зураг авалтын багийнхантай уулзахаар Балтиморт хүрэлцэн ирсэн байгаа" гэжээ.

Түүнчлэн Netflix компани энэхүү шуугиантай холбогдуулан Кевин Спейсигийн тоглосон "Gore" нэртэй намтарчилсан киног гаргахаас татгалзаж болзошгүй байгааг Deadline нэмж онцолсон юм.

Эргэн сануулахад өчигдөр жүжигчин Энтони Рэпп (Star Trek) мэдэгдэл хийж, Кевин Спейси 1986 онд Нью-Йорк хотод үдэшлэг зохион байгуулж, тухайн үед 14 настай байсан Рэппийг бэлгийн харьцаанд уруу татах гэж оролдсон хэмээн буруутгасан юм. Харин Оскарын шагналт жүжигчин Кевин Спейси бараг 30 жилийн өмнө болсон энэ явдлыг огт санахгүй байгаа хэмээн хэлж, хэрэв үнэхээр ийм зүйл болсон бол чин сэтгэлээсээ хүлцэл өчиж буйгаа Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Мөн тэрбээр мэдэгдлийнхээ хоёрдугаар хэсэгт өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарласан билээ.

"House of Cards" цуврал 2013 оноос эхлэн Netflix-ээр цацагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд зөвхөн үзэгчдээс төдийгүй кино шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авч, "Emmy", "Golden Globe" зэрэг олон шагнал хүртсэн юм. "House of Cards" цувралын сүүлчийн буюу зургаадугаар улирал 2018 оны дундуур 13 ангитайгаар Netflix-ээр цацагдах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх