Шарлиз Терон, Николь Кидман, Марго Робби нарын тоглосон Bombshell киноны талаар бидний мэдэх зүйлс
Телевизийн салбар дахь #MeToo хөдөлгөөнөөс сэдэвлэв
Жүжигчин Николь Кидман, Шарлиз Терон ба Марго Робби нарын тоглосон "Bombshell" киноны анхны тизер трейлер хэдхэн цагийн өмнө цацагдлаа. Трейлер бидэнд гурван шаргал үст бүсгүй цахилгаан шатанд тааралдан, улмаар тэдний хооронд маш түгшүүртэй байдал үүсэж байгаагаас өөр үйл явдал харуулахгүй. Хэрэв та "А" зэрэглэлийн жүжигчдээр дүүрсэн энэ кино юуны талаар өгүүлэх бол хэмээн гайхаж байгаа бол анхаарлаа хандуулаарай!
Юуны тухай өгүүлэх вэ?
Найруулагч Жей Роуч энэхүү киног Fox News сувгийн үүсгэн байгуулагч Рожер Айлзын холбогдсон бэлгийн дарамтын шуугианаас сэдэвлэн бүтээсэн юм. Тодруулбал 2016 онд түүнийг Fox News сувгийн сэтгүүлч Гретчен Карлсон, Мегин Келли болон бусад эмэгтэй ажилтнууд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, дэлхий даяар шуугиан тарьсан бөгөөд улмаар Айлз ажлаа хүлээлгэн өгөхөд хүрч байв.
Ямар жүжигчид тоглосон бэ?
Николь Кидман Гретчен Карлсоны дүрийг бүтээсэн бол Шарлиз Терон Мегин Келлигийн дүрд тоглохын тулд танигдахын аргагүй өөрчлөгдсөн байгааг харж болно. Харин Марго Робби Кэйла Посписил гэх зохиомол дүрийг бүтээжээ. Харин хэрэг явдлын гол буруутан Рожер Айлзыг жүжигчин Жон Литгоу бүтээсэн байна. Мөн тэднээс гадна жүжигчдийн багт Эллисон Женни, Кейт Маккиннон, Малькольм Макдауэлл нар багтжээ.
Хэзээ гарах вэ?
"Bombshell" киноны зураг авалт 2018 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.