Хайх

Уилл Смит олон нийтийн өмнө Крис Рокоос уучлалт гуйлаа

Уилл Смит олон нийтийн өмнө Крис Рокоос уучлалт гуйлаа

Түүний Оскарын шагналыг хүчингүйд тооцох талаар хэлэлцэнэ

Text: Buro.Mongolia


Өчигдөр зохион байгуулагдсан Оскарын наадмын үеэр Уилл Смит болон Крис Рок нарын дунд үл ойлголцол болсныг бид мэдээллэсэн. Тухайн үед Уилл Смит Крис Рокыг тайзан дээр цохисныхоо дараа бусад нэр дэвшигчид болон Америкийн кино академиас уучлалт гуйсан ч Крис Рокоос уучлалт гүйгаагүй билээ. Уилл Смитын үйлдлийг буруутгах хүн олон байсан ч зөвтгөх хүн ч мөн цөөнгүй байсан тул дэлхий даяар мэтгэлцээний талбар бий болсон гэхэд хилсдэхгүй. Зарим нь Крис Рок хэлсэн үгнийхээ хариуг хүртсэн гэж үзсэн бол зарим хүмүүс Уилл Смитыг түргэн зан гаргаж хүчирхийлэл үлйдсэн хэмээн дургүйцсан юм. Харин Крис Рокын хувьд Уилл Смитын эсрэг хэрэг үүсгэхээс татгалзсан гэдгийг Лос Анжелес хотын цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Гэсэн ч Оскарын наадмын зохион байгуулагч, мэргэжилтнүүд Смитын хийсэн үйлдлийн дараа түүнийг Оскараас хасах талаар хэлэлцэж, хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдсэн бөгөөд ёслолын дараа “Академийн зүгээс ямар ч хэлбэрийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Twitter хуудсандаа нийтэлсэн юм. “Бид үүссэн нөхцөл байдлыг албан ёсоор шалгаж эхэлсэн. Академийн зүгээс дотоод журам, ёс зүйн дүрэм болон Калифорния мужийн холбогдох хуулийн дагуу шийдвэр гаргах болно” хэмээн мэдэгджээ.

Америкийн кино урлагийн академи 2017 онд #MeToo хөдөлгөөний дараа ёс зүйн дүрэмдээ өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн үед кино урлаг, шинжлэх ухааны академийн гүйцэтгэх захирал Даун Хадсон гишүүддээ хандан “Албан тушаал, эрх мэдэл, нөлөөгөө урвуулан ашиглаж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн ямар ч хүнийг Академи хүлээн авахгүй. Академи нь хүйс, бэлгийн чиг баримжаа, арьс өнгө, үндэс угсаа, тусгай хэрэгцээ, нас, шашин шүтлэгт суурилсан ямар ч хэлбэрийн ялгаварлан гадуурхалыг эрс эсэргүүцдэг” гэж хэлсэн юм.

Тэгвэл Уилл Смитын зүгээс хэдхэн цагийн өмнө өөрийн Instagram хуудсандаа “Ямар ч хэлбэрийн хүчирхийлэл хортой бас хор хөнөөлтэй байдаг. Оскарын наадам дээр хийсэн миний үйлдэл уучлашгүй бас хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй. Миний тухай хийх шоглоомууд ажлын нэг хэсэг байсан ч миний гэргий Жада руу чиглэсэн тоглоомыг хүлээн зөвшөөрөхөд маш бэрх байсан бөгөөд нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөөрөө хандсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Крис би чамаас олон нийтийн өмнө уучлалт гуйж байна. Би хязгаарыг давсан, энэ бол миний буруу. Хайр болон сайхан сэтгэл оршдог хорвоо дээр хүчирхийлэл байх ёсгүй. Түүнчлэн би Академи, наадмын продюсер болон бүх үзэгчдээсээ уучлалт гуймаар байна. Мөн Уильямсын гэр бүл болон 'King Richard' киноны албанаас уучлалт гуйя. Миний гаргасан үйлдэл бидний гайхалтай аялалд сэв суулгасанд гүнээ харамсаж байна” хэмээн уучлалт хүссэн захиа нийтэлжээ.

Одоогийн байдлаар Академийн зүгээс шийдвэрээ хараахан гаргаагүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх