Женнифер Лоуренс дахин нэг удаа дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодорлоо
Хоёр дах жилдээ
"Оскар" шагналт жүжигчин Женнифер Лоуренс 2015 оны зургаадугаар сараас эхлэн 2016 оны зургадугаар сар хүртэл нийт $46 сая долларын орлоготой ажилласан байна. Түүний орлого "The Hunger Games: Mockingjay - Part 2" бүтээлээс хүртсэн цалин, мөн удахгүй нээлтээ хийх гэж буй "Passengers" киноны хөлснөөс бүрджээ. Forbes-ын мэдэгдэж буйгаар жүжигчин бүсгүй энэ жилийн жагсаалтыг тэргүүлж байгаа ч түүний орлого өмнөх жилийнхтэй харьцуулбал 11,5% буурсан байна.
Жагсаалтын хоёрдугаар байрыг $33 сая долларын орлоготой жүжигчин Мелисса МакКарти эзэлсэн байна. Түүний энэхүү амжилтад саяхан нээлтээ хийсэн "Ghostbusters" кино нөлөөлсөн аж. Гуравдугаар байранд $25 сая долларын ашигтай ажилласан Скарлетт Йохансон бичигджээ.
Хамгийн чинээлэг жүжигчдийн жагсаалтад мөн Женнифер Энистон ($ 21 сая), Фань Бинбин ($ 17 сая), Шарлиз Терон ($ 16,5 сая) ба Эми Адамс ($ 13,5 сая) нар багтжээ.