Жонни Депп олон нийтийн шүүмжлэлийг үл харгалзан “Fantastic Beasts” кинонд тоглоно
Жоан Роулинг тайлбар хийсэн захидал бичжээ
Саяхан Харри Поттер цуврал номын зохиолч Жоан Роулингийн албан ёсны вебсайт дээр нэгэн дэлгэрэнгүй тайлбар хийсэн нээлттэй захидал нийтлэгдсэн байна. Тэрээр энэхүү захидлыг бичих болсон шалтгаан нь "Fantastic Beasts and Where to Find Them" кинонд жүжигчин Жонни Депп тоглосонтой холбогдуулан зарим шүтэн бишрэгчид түүнийг буруутгасантай холбоотой юм.
Эргэн сануулахад Жонни Депп "Fantastic Beasts" франчайзын эхний ангид Геллерт Гриндевальдийн дүрийг бүтээдэг билээ. Мөн тэрбээр энэхүү киноны хоёрдугаар ангид ч тоглох болсон гэдгийг бид өмнө нь мэдэгдсэн. Тэгвэл олон нийт Жонни Деппийг хуучин эхнэр Эмбер Хердийг зодсон хэмээн буруутгаж, ийнхүү дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Тэр ч бүү хэл зарим үзэгчид тус киноны хоёрдугаар ангиас Жонни Деппийн тоглосон хэсгийг хасахгүй бол шинэ ангийг үзэхгүй хэмээн мэдэгдсэн байгаа.
Жоан Роулинг үүссэн нөхцөл байдалд "Хамгийн анх Гриндевальдийн дүрд Жонни Депп тоглох тухай яригдаж байх үед би түүнийг гайхалтай тохирно гэж бодож байсан. Гэхдээ "Fantastic Beasts and Where to Find Them" кинонд Жонни Деппийн тоглосон хэсэг гарсны дараа цахим ертөнцөд янз бүрийн мэдээллүүд цацагдахад, миний болон зураг авалтанд оролцсон бүх хүмүүсийн сэтгэл зовнисон. Харри Поттерын шүтэн бишрэгчид сэтгэл нь түгшиж байгаа гэдгээ илэрхийлж, Жонни Депптэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхийг надаас асууж байсан. Харри Поттерын хэд, хэдэн киног бүтээсэн найруулагч Дэвид Йейтсийн өмнө нь хэлсэнчлэн бид шинэ сонгон шалгаруулалт явуулах талаар бодож үзсэн. Хүмүүс яагаад дахин жүжигчдийн сонгон шалгаруулалт хийгээгүй гэж гайхаж бас уурлаж байсныг би ойлгож байна. Гэхдээ би анхны жүжигчдийн багтайгаа хамтарч ажиллахдаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй Жонни Депп киноны гол дүрүүдийн нэгийг бүтээж байгаад үнэхээр баяртай байна. Бид хоёр хүний хооронд хийсэн зөвшилцлийг хүндлэх ёстой. Тэд өөрсдийн хувийн амьдралыг хамгаалж, цаашид өөрсдийнхөөрөө амьдрах хүслээ илэрхийлсэн" хэмээн бичжээ.
Мөн Жоан Роулинг төслийн гэрээний нөхцөлийг зөрчилгүй, Деппийн тус кинонд тоглож байгаа шалтгааныг нээлттэй зарлахгүй байх нь хэцүү байсан гэдгийг онцоллоо.
"Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" кино 2018 оны арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн байгаа.