Альпийн нуруунд танилцуулагдсан Miu Miu-гийн шинэ цуглуулга
Намар-өвөл 2021
Miu Miu брэндийн бүтээлч захирал Миучча Прада намар-өвөл 2021 улиралд зориулсан шинэ цуглуулгаа Италийн зүүн хойд хэсэгт орших Доломит нуруун дахь Кортина цанын баазад танилцууллаа. "Зоригт зүрхнүүд" хэмээн нэрлэсэн энэхүү цуглуулгаараа Миучча Прада адал явдалд дуртай нэгэн гэдгээ баталсан бөгөөд цуглуулгад спортлог, чөлөөт загварууд болон эмэгтэйлэг, ялдам байдлыг тодотгох хувцаснуудыг ч багтаажээ.
Тухайлбал oversize загварын цанын өмсгөл, нэхмэл цамц, ширмэл оёдолтой куртка, үслэг хүрэм, балаклава малгай зэрэг загваруудыг сатин даашинз, Альпийн нуруунд өмсөхөд л зориулсан гэлтэй нимгэн сүлжмэл бикини, нэвт гэрэлтэх даашинзтай хослуулсан байлаа. Тэрээр энэхүү хачирхалтай хослолоо "Хүч чадал ба эмзэг байдал, эр зориг ба түрэмгийлэл" хэмээн тодорхойлсон бөгөөд цуглуулгаас үнэхээр л эсрэг тэсрэг байдал холилдон мэдрэгдэж байлаа.