Buro 24/7 тойм: Dior, намар-өвөл 2016
Урдын адил
Dior-ын бүтээлч захирлын суудал эзгүй байх зуур хуучин Раф Симонсын удирдлагa дор ажилладаг байсан Серж Руффье, Люси Майер нар шинэ цуглуулгуудыг хариуцаж байгаа. Тэд өмнө нь pre-fall, haute couture цуглуулгаа танилцуулсан бол энэ удаад Парист намар, өвлийн шинэ загваруудаа толилууллаа.
Францын загварын ордны бүтээлч захиралгүйгээр хийсэн өмнөх haute couture цуглуулгад шүүмжлэх загвар байхгүй ч гэлээ мөн сэтгэлд үлдсэн загвар нэг ч байгаагүй юм. Рre-fall загварын цуглуулгын хувьд ч тэр урд өмнө нь байгаагүй хэт энгийн болсон. Энгийн пальто, хослол, хоолойтой цамц дээр давхарласан даашинз, топ гээд гайхшруулах зүйл нэг ч байгаагүй. Энэ удаагийн намар, өвлийн загварууд ч урдын адил дурламаар зүйлгүй болжээ.
Энэ нь ирэх намар Dior-ын бутикээс худалдан авах зүйл огт байхгүй гэсэн үг биш юм. Гурвалжин, том захтай пальтонууд, унасан мөртэй үслэг хүрэм, мөн унжсан мөртэй куртка зэрэг нь хамгийн их борлуулагдах загварууд ч болж болох юм. Өөр, өөр хээтэй даавуу ашиглан бүтээсэн даашинз, хослол ч мөн адил эрэлттэй байх биз ээ. Гэвч энэ бүх зүйлсэд том дизайнерын үзэл, санаа огтхон ч шингээгүй нь мэдрэгдэх аж. Харин урдын байсан чиг хандлагыг эргүүлэн авчирч, загварын ордныг шинэ зүйлд чиглүүлэхэд Раф Симонс шиг чадварлаг дизайнер л хэрэгтэй байна.