Buro 24/7 тойм: Hermès, намар-өвөл 2016
Нууцлаг
Аливаа загварын ордон өөртөө тохирсон төгс бүтээлч захирлаа олох үед хамтын ажиллагааны үр дүн үргэлж сайхан байдаг. Ажил олгогчийн түүхэн өв соёл ба шинэ хамтрагчийн өвөрмөц арга барил хоёр нэгдэж, цоо шинэ загвар бий болдог билээ. The Row брэндээс шилжин ирсэн Надеж Ванэ-Сибульски ба Hermès брэнд үүний тод жишээ юм. Тэд нэн даруй маш онцгой холбоо тогтоож чадсан.
Дизайнер бүсгүй ихэвчлэн том хэмжээстэй, галбир бүрхсэн, даруухан хэв маягийн хувцаснууд урладаг. Тэрбээр өмнө нь Олсен эгч дүүсийн маркийг хариуцаж байхдаа ч ийм стилээр ажилладаг байсан. Харин түүний Hermès-д зориулсан шинэ цуглуулгын гол дүрийн баатраар өргөн ханцуйтай, бэлхүүс зөөлөн тодотгосон урт даашинзууд тодорсон байна. Ване-Сибульски эмэгтэй хүний цээж, хөл эсвэл аль нэг биеийн хэсгийг нүцгэлснээр тачаангуй төрх бүрдүүлнэ гэдэгт огт санал нийлдэггүй. Дизайнер харин ч эсрэгээрээ биеийг бүхэлд нь бүрхэж, нууцлаг төрх бүрдүүлэх дуртай. Шинэ загваруудын дийлэнх нь өндөр захтай, урт ханцуйтай бөгөөд савхи, ноолуур ба торгон материалаар хийгдсэн байгаа.
Даашинз, свитер, юбка, өмд гэх зэрэг цуглуулгын бараг бүх загварууд урт ба чөлөөт эсгүүртэй болсон харагдана. Цуглуулгад урт өмднөөс гадна мөн богино панталон маягийн сонирхолтой өмднүүд багтжээ.