Монголын залуу брэнд Grandmaster нь Converse брэндтэй хамтарсан цуглуулга гаргалаа
Converse x Grandmaster
Орчин үеийн залуусын стилийг хамгийн сайн тодорхойлж чадах GRANDMASTER ба дэлхийн алдартай брэнд Converse нар хамтарсан цуглуулгаа танилцууллаа. Эрх чөлөө ба гудамжны стилийг магтан дуулдаг энэхүү хоёр брэндийн хамтарсан цуглуулга нь минимал атлаа Ази соёлыг шингээсэн уур амьсгалтай болсон бөгөөд өдөр тутам өмсөж болох загварлаг цүнх, гутал болон малгайтай цамцнаас бүрдэж байна. Хар, саарал, цагаан зэрэг үндсэн өнгөнүүдтэй цүнх, гутал, цамцанд Grandmaster брэндийн логог "Skeleton Dance" хээтэй хослуулан хатган хэвлэжээ. Түүнчлэн кетүүдэд Grandmaster-ын логог Converse брэндийн таних тэмдэг болсон хар ба улаан судалтай уусгаж өгсөн байна. Хамтарсан цуглуулгад багтсан эдгээр гуталнуудын лого нь харанхуйд фосфор гэрэл цацруулдгаараа онцлог болжээ.
Хамтарсан цуглуулгыг Grandmaster брэндийн үүсгэн байгуулагч О.Анхбаяр тайлбарлахдаа "Өрнө ба Дорнын нэгдэл болсон цуглуулга" хэмээн тодорхойллоо.
Харин шинэ цуглуулгын зураг авалтыг гэрэл зурагчин Chayodu хариуцан ажиллажээ. Тэрээр сүүлийн үед нийгэмд дэлгэрээд байгаа нэгэн хэвийн төгс гоо сайхнаас илүүтэй төгс бус эгэл гоо үзэсгэлэнг өөрийн төсөөллөө ашиглан өвөрмөц шийдлээр дурандаа буулгадаг гэрэл зурагчин юм.
Энэ дашрамд хэлэхэд Grandmaster брэнд нь урлаг дээр суурилан бүтээлээ туурвидаг маркийн хувьд шинэ үеийнхний урлаг ба соёлыг тэмдэглэж "Alchemy" нэртэй урлаг ба дуу хөгжмийг нэгтгэсэн томоохон шоуг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Converse x Grandmaster цуглуулга 2018 оны долоодугаар сарын 13-ны 20:00 цагт On'n Off Production дээр болох "Alchemy" шоуны үеэр худалдаалагдаж эхэлнэ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт