Кутюр загварын долоо хоног: Elie Saab, хавар 2016
Зоригтой амазон бүсгүйчүүд
Эли Сааб шоу бүрээрээ гайхамшигтай бүтээл үзүүлж, ирсэн зочдыг уулга алдахад хүргэдэг. Тэр улирал бүр ид шидийн мэт гялалзсан даашинзууд танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүсгүйчүүдийн сэтгэлийг булааж чаддаг. Ганц дутагдал нь түүний даашинзууд заримдаа хоорондоо хэт адилхан болсон харагддаг. Гэхдээ энэ удаад тэр шинэ сэдэв олжээ. Энэтхэг орныг судалж, үндэсний хувцсыг нь сонирхсоноор Ливанийн кутюр дизайнер шинэ дүрс, шинэ деталиудыг олж нээжээ. Хавар 2016 цуглуулга түүний урьд өмнөх бүтээлүүдээс хамгийн шилдэг нь болсон байна.
Шинэ цуглуулгад болор талст шигтгээнүүд зарим тохиолдолд мөнгөлөг оёдлоор солигдож, загваруудын гялалзах байдал ердийнхөөс илүү багассан байна. Түүнчлэн Эли Сааб энэ удаад зөвхөн гоёмсог даашинзаар дагнах биш, мөн дутахааргүй тансаг өмдөн хослолууд урласан нь цуглуулгыг илүү сонирхолтой болгож өгчээ. Түүний өмнөх цуглуулгууд ихэвчлэн оройн үдэшлэг, аль эсвэл ямар нэгэн онцгой арга хэмжээнд зориулагддаг байсан бол одоо харин өөр нэгэн уур амьсгал шингэсэн харагдана. Тэр нь аяллын чиглэл юм. Энэ нь зүгээр ч нэг далайн эрэг дээр нарлах аялал биш, харин адал явдал, шинэ нээлтээр дүүрэн аялал юм. Тиймээс Эли Сааб клач цүнхнүүдээ хүртэл ташаа дээр тогтох цүнх, эсвэл үүргэвчтэй цүнх болгон хувиргасан байна.