Хайх

Louis Vuitton-ы шинэ эрэгтэй цуглуулгад Виржил Абло мөрөөдлийн ертөнцөөр аялахыг урьж байна

Louis Vuitton-ы шинэ эрэгтэй цуглуулгад Виржил Абло мөрөөдлийн ертөнцөөр аялахыг урьж байна

Ойрд үзэгдээгүй том хэмжээний загварын шоу болж өнгөрлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Тансаг зэрэглэлийн загварын салбар дахь хамгийн том тоглогч Louis Vuitton, орчин үеийн загварын хамгийн том шүтээнүүдийн нэг Виржил Абло нар хүчээ нэгтгэх үед урьд өмнө нь үзэгдэж байгаагүй том зүйл бүтнэ гэдэг ойлгомжтой. Дэлхий дахинаа цар тахал дэгдсэн байгаа ч тэд ойрд үзэгдэж, сонсогдоогүй томоохон төсөл хэрэгжүүлж чадлаа. Тодруулбал эрэгтэй загварын хавар-зун 2021 цуглуулгад зориулан брэнд хэрэглэгчидтэйгээ улам бүр ойртож, дотно танилцах үүднээс дэлхийгээр аялан, загварын шоугаа уламжлалт Парист биш харин дорно зүгийн орнуудад танилцуулахаар шийджээ. Хамгийн эхний зогсоол Шанхай хот байсан бөгөөд хоёрхон хоногийн өмнө тус хотын Хуанпу голын эрэг дээр, Tank Shanghai музейн дэргэд LV лого бүхий агуулах контейнерүүдээс бүрдэх тайз засагдлаа. Контейнер байршуулсан санаа нь мэдээж дэлхийг тойрох аялалд гарсан Louis Vuitton-ы хамт олон зорьсон цэгтээ ирснийг илтгэж байгаа юм.

Харин цуглуулгын хувьд брэндийн бүтээлч захирал Виржил Абло энэ удаад нийгмийн бүтцэд хараахан уусаж, бодлоо "бохирдуулж" амжаагүй, гэнэн цайлган хүүхдийн нүдээр харсан мөрөөдлийн ертөнцийг бий болгохыг хүсжээ. Ингэхдээ тэрээр The Adventures of Zoooom with Friends гэх богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээж, хүүхэлдэйн баатруудыг цуглуулгын гол дүр болгосон байна. Яг л эдгээр хүүхэлдэйн баатруудын адил хүүхдийн жижиг зүйлсэд баярлаж, гайхширдаг чанарыг дизайнер онцлохыг хүссэн бөгөөд үүний үр дүнд чихмэл тоглоомоор чимэглэсн LV логотой хүрэм, психоделик хээтэй пиджак, тод неон өнгийн оруулгатай гутал, этгээд хэлбэрийн нарны шил зэрэг өнгөлөг, зугаатай загваруудыг урлажээ.

Шанхайд эхэлсэн энэхүү загварын шоу нь энэ есдүгээр сард Токиод үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

цааш үзэх