Michel & Amazonka: Хавар/Зун 2016 шинэ загварууд гарлаа
Анхны үзэгч нь та
Бид дизайнер эгч дүүс Michel & Amazonka энэ жил гаргаж буй гуравдах цуглуулгыг үзэх гэж байна. Өнгөрсөн зун зохион байгуулсан загварын шоу нь тэднийг эрч хүчээр дүүрэн цэнэглэсэн бололтой.
Шинэ цуглуулга нь нийт гуч орчим загвартай гарсан ба хамгийн гол нь тэд анх удаа хийсэн зургаан загварын гутлаа багтаажээ. Цуглуулгын эхний арван загварын зураг авалтыг Michel & Amazonka өнгөрсөн долоо хоногт Multiverse-ийн хамт олонтой хамтарч хийлээ. Загвар өмсөгчөөр энэ удаа Б.Ялгуун дахин ажилласан бөгөөд та танилцуулга видеоноос зураг авалтын ажлаас сонирхоорой. Ингээд шинэ цуглуулгад ямар загварууд орсныг үзэцгээе.
Michel & Amazonka үндэсний хээний сэдвээ улам өргөжүүллээ. Хавар/зун 2016 цуглуулгын хамгийн онцлох хоёр загвар бол эх дагина Дондогдулам хатны дээлнээс санаа авсан платье болон эрүүл мэндийн Оточ Манал бурханыг бэлгэдсэн гурван төрлийн жимсний хатгамалтай хөх платье юм. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг илэрхийлэх гурван үр жимсийг тэд далдуу модны навчны дээр байршууллаа. Мөн намрын цуглуулгадаа оруулсан, ханцуйндаа үндэсний хээ хатгамалтай пальтог тэд энэ удаа коктейль дресс болгон шинэчилжээ. Мөн торон, эмэгтэй хүний цээж нэвт гэрэлтэх топууд багтжээ. Бид ийм трендийг "Их дөрвөл"-ийн бүх загварын шоунаас үзсэн болохоор удалгүй Улаанбаатарт харсандаа баяртай байлаа.
Ерөнхийдөө "Монгол зураг" ном, түүнд байгаа давтагдашгүй хээ, угалзууд олон шинэ санаа төрүүлсэн гэж дизайнер Ч.Нямханд хэлж байна. “Үндэсний соёл маань маш баялаг, номыг эргүүлээд харахад л өмнө нь өдөр бүр шинэ санаа гарч ирдэг” гэлээ. Өнгөний хувьд хар, саарал, гүн цэнхэр голчилсон бол ганцхан өдөн чимэглэлтэй юбканд тод шар өнгө ашиглажээ. Шинэ цуглуулгад юбка бас нэлээн өвөрмөц хэлбэрүүдээр гарч ирсэн байна. Шулуун харандаа хэлбэртэй байснаа цахилгааныг нь задлахад А хэлбэрийн болох юбка нь ажил хэрэгч болон гоёлын төрхийн алийг ч бүрдүүлэх боломжтой. Мөн юбкан дээр пластик материалыг гурав, дөрөв давхарлаж хийсэн, зарим газар нь нэг, хоёр давхарга шүрээр чимэглэсэн 3D юбка сонирхолтой загвар болжээ.
Цуглуулгын эдгээр арван загвар хязгаарлагдмал, цөөн тоогоор гарах бол 20 орчим загварыг олон тоогоор үйлдвэрлэх зорилготой байна. Үүнд юбка, топны хослолууд түлхүү оржээ. Эмэгтэйчүүд тэмдэглэлт баяраар ганц удаа л өмсөх гоёлын даашинзны оронд эдгээр хослолоос сонговол дараа нь юбкыг сорочки цамцтай өмсөх, топоо брюк өмдтэй хослуулах боломжтойгоор хэрэглээнд илүү ойртуулсан загварууд гарч байна.
Дизайнерууд өнгөрсөн намрын цуглуулгынхаа талаар манай уншигчдад ярилцлага өгөх үедээ Бюро 24/7 Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Ө.Содгэрэлийн гутлыг хараад, нүдээ салгаж чадаагүй гэнэ. Улмаар оффисын ажилтай хүмүүс өмсөж болох, гэрийн эзэгтэй нар ч гэртээ углачихаар ганган загварлаг гутал хийж болох юм гэсэн санаа төржээ. Ийнхүү Урлах Эрдэм сургуулийг төгссөн гутлын дизайнер Г.Лхамаатай хамтран торгон материалтай, хатгамал гар чимэглэлтэй, пон пон үслэгтэй зургаан загварын гутал хийсэн байна. Г.Лхамаа өмнө нь дан зузаан арьсаар гутал хийдэг байсан учраас анх удаа даавуун, торгон материал бариад хийхээр болж өгөхгүй, шантрах үе гарсан ч "Гоё, цэвэрхэн хийж болох аргыг олж хийнэ" гэж дизайнерууд ажилласаар зорилгодоо хүрчээ.
Ийнхүү орчин үеийн хэрнээ монгол загвар, уур амьсгалтай бэлэн хувцас гарган ирсэн Michel & Amazonka Хавар, зун 2016 цуглуулга энэ өвлийн хамгийн гоё, бүтээлч загварууд болжээ. Тэд дараагийн удаа гар ажиллагаатай эмэгтэй костюм бүхий цуглуулга гаргахаар ажилдаа ороод байна. Бүгдээрээ M&A-гийн дизайнерууд болон урлангийнханд зориулж амжилт хүсэцгээе.