MPDU Digital Fashion Week: 93//Kidult брэндийн "ON AIR" цуглуулга
Хавар-зун 2020
93//Kidult брэндийн ээлжит цуглуулгыг тэсэн ядан хүлээдэг залуус олон. Өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй стилийг олж чадсан энэ брэнд нь гудамжны аястай этгээд загварууд, уламжлалт бус зураг авалтууд, брэндийг төлөөлөх шинэ дүр төрхүүд болон сурталчилгааны бүтээлч аргуудын тусламжтай жинхэнэ хайп үүсгэж чадсан юм. Одоо 93//Kidult шинэ цуглуулга гаргалаа гэх сургаар залуус нэн даруй шуурч, загварууд нь маш хурдан худалдаалагдаж дуусдаг болсон тул бид уншигчиддаа цаг алдалгүй шинэ цуглуулгатай танилцахыг зөвлөх байна.
"On Air" цуглуулга нь өнгөрсөн оны төгсгөлд, хавар-зун 2020 улиралд зориулан гарч байсан "Limited World" буюу "Хязгаарлагдмал Ертөнц" цуглуулгын үргэлжлэл бөгөөд брэндийн хамт олны зүгээс нийгэмд хандан, бид интернет амьдралд хэт автаж, үүнд захирагдан амьдардаг болсныг харуулах гэсэн зорилготой юм. Брэндийн ерөнхий дизайнер М.Нямсүрэн энэ удаагийн цуглуулга дээр ажиллахдаа 1998 оны "The Truman Show" киноноос бүтээлч санаагаа авсан болохыг бидэнтэй хуваалцсан юм. "Киноны гол дүр болох Трумэн Бёрбэнктэй эргэн тойрных нь хүмүүс чин сэтгэлээсээ мэт жүжиглэн харьцаж байгаа нь надад өнөөгийн хүмүүсийн харилцааны тусгал мэт санагдсан" хэмээн дизайнер тайлбарлалаа. Тэрээр энэхүү санаагаа загварууддаа бүр ч гүн шингээхийн тулд гол дүрийн хөрөг зургийг зураач Жан-Мишель Баскиягийн гудамжны шүүмжлэлт арт хэв маягаар зурж бүтээн, цуглуулга дахь юүдэнтэй цамц болон богино цамц дээр торгон хэвлэлээр хэвлэн буулгажээ.
Цуглуулгын зураг авалт ч мөн энэ бүх санаануудыг илтгэх бөгөөд 93//Kidult брэндийн хамтран үүсгэн байгуулагч Г.Тэнүүн фото, видео болон дүрс бичлэгийн хөгжмийн санааг гарган, хариуцан ажилласан байна. Ингэхдээ тэд HYP Entertainment, зурагчин О.Төмөрбаатар нартай хамтарчээ. Зураг авалтын зарим хэсэгт гар утсаар селфи авч оруулсан нь өвөрмөц элемент болсон төдийгүй бичлэгүүдийг яг л загварын шоу үзэж буй мэт бүтээлч байдлаар хийсэн нь дижитал загварын долоо хоногийн гол утга учрыг илэрхийлж чаджээ.
Онцлох загварууд: Баския стилийн арт зурагтай юүдэнтэй цамц, 90-ээд оныг санагдуулам цахилгаантай хоолойтой сул цамц, хайчилбар мэт эсгүүртэй богино хантааз, цацган оруулгатай oversize ягаан пиджак
Ашигласан материалууд: Солонгос сайн чанарын хөвөн даавуу, усны хамгаалалттай даавуу
Үндсэн өнгүүд: The Truman Show киноны хувцасны дизайнер Мэрилин Мэттьюс, Вэнди Стит нар киноны хувцсыг бүтээхдээ 1940-өөд оны өдөр тутмын хувцаслалтаас урам зориг авч, орчин үеийн хэв шинжийг оруулахын тулд улаан, шар, хар өнгөөр тоглолт хийсэн байдаг. Үүнийг "On Air" цуглуулгад нэмэлт өнгө болгон оруулсан ба үндсэн өнгүүдийн хувьд киноны өнгөний палитр дахь усан цэнхэр, улаан болон ягаан өнгүүдийг сонгожээ.
Стилистик аргачлалууд: Юүдэнтэй цамц дээгүүр пиджак өмсөх, сорочка цамц дээр гараараа тайрсан мэт харагдах богино ноосон хантааз давхарлах гэх мэт байдлаар өдөр тутмын хувцаслалтыг гудамжны хэв маягт оруулан загварчилжээ.
Аксессуарууд: Цуглуулгын үндсэн материалаар хийгдсэн нарны малгай, нислэгийн дэр, даавуун тор
Зураг авалтын байршил: Чингисийн талбай, Жамьян Гүн гудамж